Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Мэргэжил сурталчлах бичил аялал боллоо.

  • 2019-10-29 15:44
  • Улаанбаатар хот

Ерөнхий боловсролын "Шинэ Монгол" ахлах сургуулийн 12-р ангийн нийт 120  сурагчдаас Архитектор, Барилгын салбарын инженер мэргэжлийг эзэмших  хүсэлтай ахлах ангийн 10 сурагчдад Архитектор болон Барилгын салбарын инженер мэргэжлийн онцлог, үнэ цэнэ, ирээдүйн карьерийн талаар танилцуулах бичил аяллыг зохион байгууллаа. Аяллын хүрээнд холбооны гишүүн байгууллагууд болох барилгын зураг төсөл, угсралт, менежментийн Пи Си Ди Пи ХХК  болон  архитектур, хот төлөвлөлт, зураг төслийн ЭН ЭЙ ПИ ГРУПП байгууллагуудын удирдлага, инженерүүд сурагчдыг хүлээн авч уулзав.

Аяллын эхний зогсоол болох "Пи Си Ди Пи" ХХК-д тус компанийн Зам гүүрийн байгууламжийн албаны дарга Г.Баярмөнх сурагч нарт Барилгын салбарын мэргэжилтэн, инженерүүдийн ажлын онцлог, тэдгээр мэргэжилтнүүд зураг төслийн болон угсралтын ажлын үед ямар ажил үүрэг гүйцэтгэдэг талаар бяцхан танилцуулга хийлээ. Мөн тус компанийн Маркетингийн менежер Н.Эрдэнэбаатар барилгын төслийг гүйцэтгэх үед бусад мэргэжил /маркетинг, хууль эрх зүйн салбарын г.м/ -үүд хэрхэн уялдаатай ажилладаг талаар болон шинэ залуу үеийн барилгын салбарын инженерүүд, архитекторууд хэрхэн хөгжиж байгаа талаар сонирхолтой яриа өрнүүлж, тайлбарлав. Танилцуулгын дараа сурагчид өөр өөрийн эзэмшихээр хүсэж буй инженерүүдтэй уулзаж, хийж байгаа ажлынх нь талаар болон тухайн мэргэжлийн онцлогийг судалж тус тусдаа сонирхолтой яриа өрнүүллээ.


Аяллын дараагийн зогсоол "Эн Эй Пи Групп" байв. Тус байгууллагад зочлоход захирал М.Уянга хүлээн авч, компанийнхаа талаар болон архитектор мэргэжлийн онцлог, үнэ цэнийн талаар сонирхолтой яриа өрнүүлэв. М.Уянга захирал сурагчдад хандан "Архитектор мэргэжил бол нийгмийн сайн сайхныг бүтээгч бөгөөд олон талын мэдлэгтэй байхыг шаардсан маш сайхан мэргэжил юм. Та нар энэ мэргэжлийг сонгох бол эзэмшсэн мэргэжилдээ тууштай байж, тасралтгүй өөрийгөө нээж хөгжүүлэх боломжыг бүү алдаарай. Энэ мэргэжлийг эзэмшихээр гадаадын их дээд сургуульд сурсан бол төгсөөд заавал эх орондоо ирж ажиллаарай. Улс орны маань хөгжилд, түүнчлэн хүмүүсийн сайн сайхан, ая тухтай амьдрах гол орчин, нөхцлийг бүрдүүлэгчид нь архитекторууд юм шүү." хэмээн зөвлөж, урмын үг мялаав.  Сурагчид маань М.Уянга захиралтай уулзсаны дараа тус компанийн архитекторууд, инженерүүдтэй танилцаж, хийж байгаа төслийг нь сонирхон, өөрсдийн мэдэхийг хүссэн зүйлсээ асууж, халуун дулаан яриа өрнүүлэв.


 

Энэхүү мэргэжил сурталчлах сурагчдад зориулсан бичил аяллыг зохион байгуулахыг санаачилсан "Шинэ Монгол" ахлах сургуулийн багш П.Цагаанхүү, Н.Цогжаргал багш нарт болон дэмжин ажилласан "Пи Си Ди Пи" ХХК, "Эн Эй Пи Групп"-ийн удирдлагууд, хамт олон, инженерүүддээ талархал илэрхийлэн, цаашдын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе. Аялалд оролцсон сурагч  нартаа сурлагын өндөр амжилт хүсэн, мэргэжил сонгох сонголт  тань мэргэн байх болтугай.

МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО ТББ

2019.10.29