Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

ACECC буюу Азийн барилгын инженерийн зохицуулах зөвлөлийн Гүйцэтгэх хорооны 33 дугаар хурлыг 9 сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 2 дахь удаагаа зохион байгуулна

  • 2017-09-12 11:43
  • Улаанбаатар хот

Азийн барилгын инженерүүдийн зохицуулах зөвлөл-ACECC нь жил бүр 2 удаа гишүүн холбоодын орон нутагт Гүйцэтгэх хорооны хурлаа зохион байгуулдаг. Тус хурлын хүрээнд Төлөвлөлтийн, Техникийн хорооны хурлуудаа хийж, АСЕСС-ийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан төлөвлөгөөг хэлэлцэх, гишүүн холбоодын санал хүсэлтийг хүлээн авч, цаашдын үйл ажиллагаагаа тодорхойлдог билээ. Мөн энэ үеэр тус улсын үндэсний инженерүүдэд зориулсан мэргэжлийн хурал, семинар, симпоузим, форум зэрэг олон улсын томоохон арга хэмжээг зохион байгуулдаг.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 2006 онд Гүйцэтгэх хорооны 13 дугаар хурлыг Улаанбаатар хотноо тухайн үеийн Барилга Хот байгуулалтын сайд Ж.Наранцацралтын ивээл дор амжилттай зохион байгуулсан билээ. Тус хуралд тухайн үеийн АСЕСС-ийн гишүүн 6 холбоодын 26 төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм. Энэ удаагийн Гүйцэтгэх хорооны 33 дугаар хурлыг мөн Барилга, Хот Байгуулалтын сайд Г.Мөнхбаярын ивээл дор зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

АСЕСС-ийн Гүйцэтгэх хорооны 33 дугаар хурлын хөтөлбөр:

9 дүгээр сарын 21-нд

·         АСЕСС-ийн Төлөвлөлтийн хороо, Техникийн хорооны хурал

·         Залуу инженерүүдийн манлайлал олон улсын форум. Энэхүү форумд гишүүн холбоодын 35 хүртэлх насны барилгын инженерүүд оролцож, хоорондоо танилцах, мэргэжлийн техникийн шийдэлтэй илтгэлүүд тавих, туршлагаа солилцох  юм.

9 дүгээр сарын 22-нд

·         АСЕСС-ийн Гүйцэтгэх хорооны хурал 33-р хурал.

·         “Хөгжингүй орнуудын хотжилтын бэрхшээл ба туршлага” сэдэвт олон улсын техникийн семинар. Энэхүү семинарыг АСЕСС-ийн Техникийн хороотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус хорооны гишүүд болон гишүүн холбоодын мэргэжилтнүүд илтгэл тавин оролцох болно.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь энэ хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь улс орноо сурталчлах, үндэсний барилгын салбарын инженерүүддээ олон улсын туршлагаас суралцах боломж нээж өгч байгаагаараа ач холбогдолтой билээ. Холбооны гишүүд төдийгүй Барилгын салбарын нийт архитектор, инженерүүд та бүхэн АСЕСС-ийн ээлжит хурал буюу Монгол Улсын барилгын салбарын хувьд АСЕМ  гэж нэрлэхүйц энэхүү олон улсын арга хэмжээнд, үүний хүрээнд зохион явуулж буй  Олон улсын семинарт идэвхитэй оролцохыг уриалж байна.

Жич: АСЕСС буюу АБИЗЗ-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.acecc-world.org вэбээс үзнэ үү. Мөн дээрх арга хэмжээний талаарх мэдээллийг манай холбооны www.mace.org.mn вэб болон 330985 утсаар хүлээн авах бүрэн боломжтой.