Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэгдүгээр бүлэг

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Ерөнхий зүйл

  1. “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” нь Монгол Улсын "Иргэний хууль", “Төрийн бус байгууллагын тухай” хууль, “Барилгын тухай” хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, барилгын салбарын мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд, дэмжигчдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн гишүүнчлэлтэй, нийгэмд болон гишүүддээ үйлчлэх хуулийн этгээд байна
  2. Байгууллагын оноосон нэр нь Монгол хэлээр “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо“ (цаашид Холбоо гэх), англи хэлээр “Mongolian Association of Civil Engineers” (МАСЕ) гэж нэрлэнэ.
  3. Холбооны төв нь Улаанбаатар хотод байх ба аймаг, хотууд, гадаад улсад өөрийн салбартай байж болно.
  4. Холбоо нь Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 45/2, шуудангийн Улаанбаатар хот, 210640. Ш/х: 44/7 хаягт байрлана. Электрон шуудангийн хаяг: mace@mace.org.mn Вэб хуудас: www.mace.org.mn
  5. Холбоо нь Удирдах зөвлөлөөс баталсан эмблем, бэлэг тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, цахим хуудас, хэвлэл, банкны харилцах данстай байна.
  6. Холбоо нь 1996 оны 02-р сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагчдын анхдугаар хурлаар байгуулагдсан ба энэ өдрийг тус холбоог үүсгэн байгуулсан өдөр гэж үзнэ.

Хоёрдугаар бүлэг

Алсын хараа ба зорилго

1 дүгээр зүйл. Холбооны алсын хараа:

  1. Мэргэжлийн өндөр ёс зүйг мөрдүүлэгч, иргэдийн аюулгүй, эрүүл, ногоон орчинд ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэгч, амьдралын чанарыг тасралтгүй хөгжүүлэгч үндэсний холбоо байна.

2 дугаар зүйл. Холбооны үндсэн зорилго нь:

  1. Үндэсний барилгын инженерийг хөгжүүлэх;
  2. Барилгын салбарыг хөгжүүлэх;
  3. Мэргэжлийн ёс зүйг хөгжүүлж, хэрэгжүүлэх;
  4. Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Гуравдугаар бүлэг

Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл, түүнд баримтлах зарчим

1 дүгээр зүйл. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  1. Холбоо нь дүрэмд заасан зорилгуудыг хангахад чиглэгдсэн бүхий л үйл ажиллагааг эрхлэн явуулна.
  2. Холбооны үйл ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдээр зохион байгуулагдана.
    2.1.
    Дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах;
    2.2.
    Барилгын мэргэжлийн ажил, үйлчилгээтэй холбоо бүхий аливаа асуудлаар санал, зөвлөмж болон норм, стандарт, салбарын бодлого, үйл ажиллагааны баримт бичгийн төсөл, удирдамж боловсруулах, шаардлагатай үед байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл гаргах;
    2.3.
    Барилгын салбарын ажил, үйлчилгээ, ололт амжилтыг олон нийтэд сурталчлах, таниулах;
    2.4.
    Салбарын ажил үйлчилгээтэй холбоотой олон нийтийн санал бодлыг тандах, төр засагт тэдний дуу хоолойг хүргэх, эрх ашгийг нь хамгаалах;
    2.5.
    Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулах;
    2.6.
    Гишүүдийн мэдээллийн сантай болох, мэдээлэл түгээх, мэдээллийн олон сувагтай байх;
    2.7.
    Үндэсний болон олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, яармаг худалдаа, зөвлөгөөн зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах;
    2.8.
    Аливаа эрх зүйн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа болон техник технологийн төсөл, шийдэлд Мэргэжлийн зөвлөлөөрөө дамжуулан санал, дүгнэлт өгөх;
    2.9.
    Барилга байгууламжийн стандарт санаачлан боловсруулж батлуулах, бүтээцийн төлөв байдлын үнэлгээ, магадлал хийх, мэргэжлийн зэрэг дэв тогтоох, мэргэжлийн зөвлөх этгээдэд магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл олгох, төсөл боловсруулах ажлыг төрийн байгууллагатай гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, баталгаажуулахад санал өгөх;
    2.10.
    Мэргэжлийн чиглэлээр төрөл бүрийн уралдаан, шалгаруулалт зохион байгуулах, зуучлах, үр дүнг нь сурталчлах;
    2.11.
    Барилгын салбарт мэргэжилтэн бэлтгэх, тэднийг давтан сургах ажлыг удирдан зохион байгуулах;
    2.12.
    Гишүүдийн эрх ашгийг хамгаалах;
    2.13.
    Монгол улсад болон гадаадад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх, захиран зарцуулах, түрээслэх, түрээслүүлэх;
    2.14.
    МБИХ-ны гишүүдийг төр засгийн, олон улсын болон бусад шагнал, өргөмжлөлд тодорхойлж дэмжих, шаардлагатай батламж тодорхойлолт гаргах;
    2.15.
    МБИХ-ны шагнал, өргөмжлөл олгох;
    2.16.
    Олон улсын хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх.

2 дугаар зүйл. Баримтлах зарчим

  1. Холбоо нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
    1.1.
    Хууль тогтоомжыг мөрдөж ажиллах
    1.2.
    Улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулахгүй, оролцохгүй
    1.3.
    Шийдвэр гаргах хамтын удирдлагын зарчим баримтлах
    1.4.
    Гишүүдэд ил тод байх
    1.5.
    Гишүүддээ тэгш, хүртээмжтэй үйлчлэх
    1.6.
    Гишүүдийн оролцоог хангаж ажиллах

Дөрөвдүгээр бүлэг

Гишүүнчлэл, гишүүний эрх, үүрэг

1 дүгээр зүйл. Холбооны гишүүн

  1. МБИХ-ны гишүүнчлэл нь барилга байгууламжийн зураг төсөл зохиогч, угсрагч, ашиглагч, материал түүхий эд үйлдвэрлэгч зэрэг үйл ажиллагаа эрхлэн явуулдаг инженер техникийн ажилтнуудад, байгууллагууд, холбоог үзэл бодол, үйл ажиллагаа, санхүүгийн хувьд дэмжигч дотоод, гадаадын иргэд, байгууллагуудаас (цаашид гишүүд гэх) бүрдэнэ.
  2. Гишүүд нь дараах ангилалд хуваагдана. Үүнд
    2.1.
    Оюутан (Барилгын чиглэлээр их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутан);;
    2.2.
    Үндсэн (Барилгын чиглэлийн мэргэжлээр их дээд сургууль, коллеж төгссөн инженер техникийн ажилтнууд);
    2.3.
    Ахмад (Барилгын салбарт он удаан жил ажиллаж гавьяаны амралтад гарсан иргэд);
    2.4.
    Хүндэт (Барилгын салбар ба холбоог хөгжүүлэх, гишүүдийн эрх ашгийг хамгаалах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан дотоод болон гадаад улсын иргэн );
    2.5.
    Гадаад (Холбооны дүрэм, үйл ажиллагааг зөвшөөрч, сайн дураар нэгдсэн барилгын чиглэлийн мэргэжил бүхий гадаад улсын иргэн);
    2.6.
    Байгууллага (Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаадын байгууллага);
    2.7.
    Дэмжигч (Холбооны дүрэм, үйл ажиллагааг зөвшөөрч сайн дураар нэгдэн ажил үйлс, эд материалаар дэмжигч дотоод, гадаадын иргэн, байгууллага)

2 дугаар зүйл. Гишүүний эрх, үүрэг үүсэх

  1. Гишүүнээр элсэхийг хүсэгч нь энэхүү дүрмийн заалтыг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн өргөдөл гарган холбоо, эсвэл түүний салбарт хандаж шийдвэрлүүлнэ.
  2. Холбоо өргөдөл гаргагч иргэн, байгууллагыг холбооны гишүүнээр бүртгэж, үнэмлэх олгоно. Гишүүний үнэмлэх ангиллын дагуу ялгаатай байна.

3 дугаар зүйл. Гишүүний эрх, үүрэг

  1. Гишүүн нь дараах эрхтэй. Үүнд:
    1.1.
    Холбооны албан тушаалд сонгох, сонгогдох, нэрээ дэвшүүлэх, татгалзах;
    1.2.
    Татвар төлсөн үндсэн гишүүн нь Их хуралд саналын нэг эрхтэйгээр, байгууллага нь тав хүртэл эрхтэйгээр оролцох;
    1.3.
    Холбооны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх;
    1.4.
    Зохих итгэмжлэлийн дагуу холбоог төлөөлөх, нэр, бэлгэ тэмдгийг хэрэглэх;
    1.5.
    Холбооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг үнэ төлбөргүй авах, ба холбооны санд байгаа ном хэвлэлийг тогтсон журмын дагуу ашиглах;
    1.6.
    Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах;
    1.7.
    Холбоонд мэргэжлийн үйл ажиллагаа, бүтээлийнхээ зохиогчийн эрхийг хамгаалах талаар батламж тодорхойлолт гаргуулахаар тусламж хүсэх;
    1.8.
    Холбооноос зохион байгуулсан хурал зөвлөгөөнд санал өгөх, батлах эрхтэйгээр оролцох;
    1.9.
    Холбооноос ажил мэргэжил, үйл ажиллагаандаа дэмжлэг, туслалцаа авах;
    1.10.
    Холбооноос зохион байгуулж байгаа сургалтуудад жилд нэг удаа, гишүүнчлэлийн татварыг хоёр дахин өсгөсөн хэмжээний хөнгөлөлт эдлэх;
    1.11.
    Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу олон улсын болон бүсийн уулзалт хурал зөвлөлгөөнд холбоог төлөөлөн оролцох;
    1.12.
    Гишүүн байгууллагууд нь мэргэжлийн дэмжлэг туслалцаа авах, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллээр гадаад дотоодод сурталчлах, хамтын ажиллагаандаа дэмжлэг авах;
  2. Гишүүн нь дараах үүрэгтэй. Үүнд:
    2.1.
    Холбооны дүрэм журмыг дагаж мөрдөх;
    2.2.
    Холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, дэмжих;
    2.3.
    Гишүүний татварыг тухайн жилийн эхний улиралд багтаан төлөх;
    2.4.
    Мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, зөрчсөн хүмүүс, байгууллагад шаардлага тавих, зохих газарт мэдэгдэх;
    2.5.
    Холбооноос өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;
    2.6.
    Мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх;
    2.7.
    Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас холбоонд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөх;

4 дүгээр зүйл. Гишүүний эрх, үүрэг дуусгавар болох, цуцлах

  1. Холбооны гишүүнчлэлийг дараах нөхцөлд цуцална. Үүнд:
    1.1.
    Өөрөө санал хүсэлт гаргасан;
    1.2.
    Холбооны дүрэм зөрчсөн;
    1.3.
    Мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргасан;
    1.4.
    Нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон;
    1.5.
    Гишүүн байгууллага Татан буугдсан, дампуурсан;
  2. Энэ дүрмийн 4 дүгээр зүйлийн 1.2 болон 1.3 заалттай холбоотой гишүүнчлэлийг цуцлах асуудлыг холбооны ёс зүйн хороо шийдвэрлэнэ.
  3. Гишүүнчлэл нь цуцлагдсан иргэн гишүүнчлэлээ сэргээж болно. Гишүүнчлэл сэргээх дараалал нь шинээр гишүүнээр элсэж буйтай адил байна.

5 дугаар зүйл. Гишүүнчлэлийн татвар

  1. Гишүүд нь гишүүнчлэлийн татвар төлнө. Гишүүнчлэлийн татвар нь үндсэн гишүүн болон байгууллагын хувьд өөр хэмжээтэй байж болно.
  2. Хүндэт, Ахмад гишүүд болон Их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутан гишүүд татвараас чөлөөлөгдөж болно.

Тавдугаар бүлэг

Холбооны ажилтан болон гишүүдэд хориглох зүйлс

1 дүгээр зүйл. Холбооны ажилтанд хориглох зүйлс:

  1. Холбооны ажилтан дараахь үйл ажиллагаа явуулж болохгүй. Үүнд:
    1.1.
    Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбооны нэрийн өмнөөс хөрөнгийн баталгаа гаргах, холбооны хөрөнгөөр барьцаа тавих, зээл олгох, төлбөрийг төлөх;
    1.2.
    Байгууллагын дотоод мэдээлэл, нууцыг задруулах;
    1.3.
    Холбоог хуваах, өөрчлөх, нэгтгэх, нийлүүлэх зорилгоор аливаа үйл ажиллагаа явуулах;
    1.4.
    Ижил зорилго бүхий төрийн бус байгууллага байгуулах;

2 дугаар зүйл. Гишүүнд хориглох зүйлс:

  1. Гишүүн дараахь үйл ажиллагаа явуулж болохгүй. Үүнд:
    1.1.
    Эрх олгоогүй асуудлаар холбоог төлөөлөх, мэдэгдэл хийх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх;
    1.2.
    Холбооны нэр хүнд, үйл ажиллагааны эсрэг ажил хийх, зохион байгуулах;

Зургадугаар бүлэг

Бүтэц зохион байгуулалт, хяналтын тогтолцоо

1 дүгээр зүйл. Холбооны Их хурал, түүний бүрэн эрх

  1. Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн төлөөллийг хангасан Их хурал байна.
  2. Их хурлаар хэлэлцэх асуудал. Үүнд:
    2.1.
    Удирдах Зөвлөл Их хурлаар хэлэлцэх асуудлын саналыг урдьчилж гаргана.
    2.2.
    Их хурал нь хэлэлцэх асуудлын саналд ороогүй асуудлыг хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлж шийдвэрлэнэ
  3. Их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
    3.1.
    Холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах,
    3.2.
    Холбоог өөрчлөн байгуулах, нэгтгэх, татан буулгах;
    3.3.
    Удирдах Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;
    3.4.
    Удирдах болон Хяналтын Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, дүгнэлт, зөвлөмж өгөх;

2 дугаар зүйл. Ээлжит ба ээлжит бус Их хурал

  1. Ээлжит Их хурлыг хоёр жил тутамд зохион байгуулж хуралдуулна.
  2. Ээлжит бус их хурлыг нийт гишүүдийн 26-аас доошгүй хувийн дэмжлэг авснаар хуралдуулна.
  3. Их хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хурал эхлэхээс 15-30 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
  4. Ээлжит Их хурлын дугаарыг анхдугаар Их хурал хуралдсан хугацаанаас хойш тоолно.
  5. Их хурлыг бүртгүүлсэн төлөөлөгчдийн дийлэнх олонхийн ирцтэйгээр хийнэ.

3 дугаар зүйл. Санал хураалт

  1. Холбооны удирдлагад нэр дэвшигчдээс Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх санал хураалтыг нууц хэлбэрээр явуулна. Их хурлын төлөөлөгчид шууд ил явуулах санал гаргаж дэмжсэн тохиолдолд санал хуралтын ил хэлбэрийг сонгож болно.
  2. Бусад асуудлаарх санал хураалтыг ил хэлбэрээр явуулна. Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн олонхийн саналаар аливаа асуудлыг нууцаар санал хурааж болно.
  3. Нууц санал хураалтын тооллогын комиссыг хурлаас сонгоно.

4 дүгээр зүйл. Санал тооллогын комиссын эрх, үүрэг

  1. Их хурлын санал хураалтад оролцогчдын ирцийг тогтоож, хурлын даргад мэдээлэх;
  2. Санал авах хуудсаар явуулж байгаа санал хураалтын саналын хуудсыг тоолж, хүлээж авах;
  3. Саналыг тоолж, дүнг нэгтгэн, энэ тухай шийдвэр гаргаж, комиссын гишүүдийн гарын үсгээр баталгаажуулан Их хуралд танилцуулах;
  4. Саналын хуудас, шийдвэрийг Холбооны архивт хадгалуулахаар шилжүүлэх;

5 дугаар зүйл. Удирдах зөвлөл

  1. Удирдах зөвлөл нь Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага болно.
  2. Удирдах зөвлөл нь 21 гишүүнтэй байна.
  3. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь салбар, чиглэл, мэргэжлийн төлөөлөлтэй байна.
  4. Удирдах зөвлөлийн гишүүд нь цалин, аливаа урамшуулал авахгүй.
  5. Их хурлаар эрх нь дуусч буй Удирдах зөвлөлийн гишүүдээс 50-иас доошгүй хувийг сонгоно.
  6. Хоёр Их хурлын хооронд Удирдах зөвлөл нь холбооны удирдлагыг хэрэгжүүлнэ.
  7. Удирдах зөвлөл нь дараах эрх үүрэгтэй. Үүнд:
    7.1.
    Холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчийг дийлэнх олонхи буюу бүрэн ирцийн 80 хувийн саналаар сонгох;
    7.2.
    Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах,
    7.3.
    Хороодын тоо, удирдлагын бүтцийг батлах,
    7.4.
    Холбооны үйл ажиллагааны төлөвлөгөө, жилийн төсөв, гүйцэтгэх албаны орон тооны бүтцийг батлах;
    7.5.
    Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;
    7.6.
    Холбооны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
    7.7.
    Дэд ерөнхийлөгчдийг томилох;
    7.8.
    Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох;
    7.9.
    Нийгмийн эмзэг бүлэгт харъяалагдах гишүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх;
  8. Удирдах зөвлөлийн үйл ажиллаганы үндсэн хэлбэр нь хурал байх ба хурлыг Ерөнхийлөгч даргална. Ерөнхийлөгчийг байхгүй үед хэлэлцэх асуудалтай холбоотой чиглэлийн Хорооны дарга удирдана.
  9. Хурлыг гишүүдийн дийлэнх олонхийн ирцтэй хийх ба ээлжит хурлыг улиралд 1 удаа, ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн даргын саналаар эсхүл гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн шаардлагаар хугацааг тухайн үед товлож зохион байгуулна. Гүйцэтгэх захирал хэлэлцэх асуудал, хуралдааны тов, байршлыг ажлын 5 хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэнэ.
  10. Хурлаас гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана. Удирдах зөвлөлийн гишүүд нь тус бүр нэг саналын эрхтэй байна.
  11. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл нь өмнөх Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлын ирц 80 хувиас доошгүй байх ба саналын эрх нь хурлын нийт ирцийн 75 хувиас доошгүй байна.
  12. Удирдах зөвлөл нь эрх үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр хороодтой байна. Хороодыг ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч ахална.
  13. Хурлаар шийдвэрлэх асуудалд аль нэг гишүүн сонирхлын зөрчилтэй байгаа нь тогтоогдсон бол санал хураалтанд оролцохгүй.
  14. Удирдах зөвлөл нь гишүүнтэйгээ холбоотой асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураана.
  15. Хурлын тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, ашиг сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
  16. Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөн сонгох асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
  17. Удирдах зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд чөлөөлөх үндэслэл үүссэн гэж үзнэ. Үүнд:
    17.1.
    Ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар санал хураалтад оролцсон нь тогтоогдсон;
    17.2.
    Ёс зүйн зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон;
    17.3.
    Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон;
    17.4.
    Төрийн албан тушаал хаших болсон;
    17.5.
    Удирдах зөвлөлийн хуралд 3-аас олон удаа оролцоогүй;
    17.6.
    Өөрийн хүсэлтээр;
    17.17.
    Нас барсан, 6 сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх, гадаадад суралцах, томилолтоор ажиллах болсон;
    17.8.
    Хяналтын зөвлөлийн санал дүгнэлтээр.
  18. Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх тохиолдолд гишүүнийг сонгох сонгуулиар дараагийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээс өөрийнх нь саналд үндэслэн нөхөж томилно.
  19. Холбоо нь дэргэдээ мэргэжлийн зөвлөл, клуб, зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэгж байгуулж ажиллаж болох ба эдгээр нь өөрсдийн дүрэмтэй байна. Дүрмийг Удирдах зөвлөл батална.
  20. Холбоо нь гишүүнээр элссэн олон улсын байгууллагын дүрэм, журмыг мөрдлөг болгон, хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана.

6 дугаар зүйл. Ерөнхийлөгч, түүний эрх, үүрэг

  1. Удирдах зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч гэнэ. Ерөнхийлөгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    1.1.
    Удирдах, манлайлах ур чадвартай
    1.2.
    Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн;
    1.3.
    Ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй;
    1.4.
    Англи хэлний өндөр мэдлэгтэй
    1.5.
    Барилгын салбарт арваас доошгүй жил тасралтгүй ажилласан;
  2. Ерөнхийлөгчийг хоёр жилийн хугацаатайгаар Удирдах зөвлөлөөс ил санал хураалтаар сонгоно.
  3. Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
    3.1.
    Удирдах зөвлөлтэй зөвшилцөн Их хурлыг зарлан хуралдуулах;
    3.2.
    Холбооны үйл ажиллагааны өнөөгийн болон хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах;
    3.3.
    Холбоог гадаад, дотоодод төлөөлөх;
    3.4.
    Төр засгийн байгууллага болоод бусад төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
    3.5.
    Хэвлэл мэдээллээр мэдэгдэл хийх;
    3.6.
    Удирдах зөвлөлийн хурлыг даргалах;
    3.7.
    Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах;
  4. Ерөнхийлөгч дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
    4.1.
    Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;
    4.2.
    Удирдах зөвлөлийн гишүүнийг эргүүлэн татах нөхцөл бүрдсэн тохиолдолд асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх;
  5. Холбоо нь дэргэдээ Ерөнхийлөгчдөөс бүрдсэн Ерөнхийлөгчдийн зөвлөлтэй байна. Уг Зөвлөлийг тухайн үеийн Ерөнхийлөгч даргална.
  6. Ерөнхийлөгчдийн зөвлөл нь холбооны ирээдүйн хөгжлийн төлөв, стратеги, чиглэлийг тодорхойлоход арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй.
  7. Дэд ерөнхийлөгч 3 байна. Үүнээс Ерөнхийлөгч Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилно.

7 дугаар зүйл. Дэд ерөнхийлөгчдийн эрх

  1. Дэд Ерөнхийлөгчид нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
    1.1.
    Тэргүүн дэд ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч албан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй эсхүл эзгүй үед орлон ажиллах
    1.2.
    Хороодыг даргалах
    1.3.
    Хорооны үйл ажиллагааны чиглэлийн дагуух шийдвэрийг баталгаажуулах
    1.4.
    Холбоог төлөөлөн олон нийттэй харилцах

8 дугаар зүйл. Хяналтын зөвлөл

  1. Холбооны үйл ажиллагаанд хяналт тавих Хяналтын зөвлөлтэй байна.
  2. Хяналтын зөвлөл нь гурван гишүүнтэй байж, гишүүд нь дараах үүрэг, хариуцлага хүлээнэ. Үүнд:
    2.1.
    Холбооны үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийн дагуу явагдаж байгаа эсэхийг болон холбооноос гаргасан шийдвэрийн биелэлтийг хянах;
    2.2.
    Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан тэнцэл гаргалт, татвар хураамж төлөлт нь хуулийн тогтоомжийн дагуу хийгдсэн эсэхийг шалгах, хөндлөнгийн аудит хийлгэх, зөвлөмж, шаардлага бичиж үр дүнг удирдах зөвлөлд оруулах, шаардлагатай бол хамтран ажиллах;
    2.3.
    Гишүүдийн татвар төлөлт, хандивын байдал болон шаардлагатай гэж үзвэл холбооны гадаад харилцаатай холбогдол бүхий баримт бичгийг шалгах;
    2.4.
    Холбооны гишүүд Хяналтын зөвлөлд тодорхой асуудлаар гомдол гаргаж болох бөгөөд уг асуудлыг яаралтай шалгаж, үр дүнг Удирдах зөвлөлд танилцуулах;
    2.5.
    Хяналтын зөвлөлийн гишүүд шалгасан баримт бичиг, тайлан балансын нууцыг хадгалах;
  3. Хяналтын зөвлөл нь дараах эрх эдэлнэ. Үүнд:
    3.1.
    Санхүүгийн аливаа шийдвэртэй холбоотой шаардлагатай баримт бичиг, нотолгоог шаардах;
    3.2.
    Холбооны гишүүн, үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг судлан үзэж, тайлбар хийх, Удирдах Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр асуудал оруулах;
    3.3.
    Гүйцэтгэх захирлаас шалгалтын ажилтай холбогдсон материалыг шаардаж гаргуулах;

Долоодугаар бүлэг.

Гүйцэтгэх алба, Гүйцэтгэх захирлын эрх, хариуцлага

1 дүгээр зүйл. Гүйцэтгэх алба

  1. Холбоо нь холбооны болон түүний үйл ажиллагааны чиглэлийн өдөр тутмын ажлыг зохион байгуулж, хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Гүйцэтгэх албатай байна.
  2. Гүйцэтгэх албаны бүтэц, орон тоо, ажилтны цалин, урамшууллын хэмжээг Удирдах зөвлөл тогтооно.

2 дугаар зүйл. Гүйцэтгэх албаны чиг үүрэг

  1. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
    1.1.
    Холбооны хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг ханган ажиллах
    1.2.
    Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах, хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;
    1.3.
    Холбооны хүний нөөц, чадавхижуулах сургалт, ажилтнуудын нийгмийн асуудлыг зохион байгуулах
    1.4.
    Гишүүн бүртгэх, гишүүдэд мэдээ, мэдээлэл хүргэх
    1.5.
    Хороод, салбар, клубуудын үйл ажиллагааг дэмжин ажиллаж, зохион байгуулах
    1.6.
    Орон нутаг дахь салбарыг арга зүйн удирдлага, мэдээллээр хангах
    1.7.
    Мэдээлэл, харилцаа, олон нийттэй харилцах асуудлыг эрхлэх
  2. Холбооны дэргэдэх Зөвлөлүүд, хороод, клубууд, салбаруудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхдээ ялгавартай хандахгүй байх үүргийг хүлээнэ.

3 дугаар зүйл. Гүйцэтгэх захирал, түүний эрх, үүрэг, хариуцлага

  1. Гүйцэтгэх захирлыг Удирдах зөвлөл сонгон шалгаруулалтаар томилж, Ерөнхийлөгчтэй гэрээ байгуулж ажиллуулна.
  2. Гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
    2.1.
    Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, төсөв, төлөвлөгөөний хүрээнд өмч хөрөнгө захиран зарцуулах;
    2.2.
    Монгол Улсын хууль тогтоомж болоод Гүйцэтгэх захирлын гэрээнд тусгагдсан бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
  3. Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээнд түүний эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэргийг харилцан тохиролцож тусгана.
  4. Гүйцэтгэх захирал нь бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр Гүйцэтгэх захирал томилогдтол албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
  5. Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлийн баталсан жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн дагуу холбооны өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн эрхийн дагуу удирдан явуулна.
  6. Гүйцэтгэх захирал холбооны жилийн үйл ажиллагааны тайланг Удирдах зөвлөлд тайлагнан, баталгаажсан тайлангаа тогтоосон хугацаанд төрийн эрх бүхий байгууллагад холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ.
  7. Санхүүгийн тайлан балансад шаардлагатай тохиолдолд аудит хийлгэнэ.
  8. Холбооны дэргэдэх клуб нь Гүйцэтгэх захирлын удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.

Наймдугаар бүлэг

Санхүүгийн үйл ажиллагаа

1 дүгээр зүйл. Санхүүгийн удирдлага

  1. Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг удирдан, захиран зарцуулна.
  2. Холбооны санхүүгийн үйл ажиллагааг Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу явуулж, тухайн жилийн санхүүгийн тайлан тэнцлийг гарган дараа хуульд заасан хугацаанд харьяа дүүргийн татварын албанд тайлагнана. Тайланд дараах үндсэн бүрдэл, хэсгүүд заавал орсон байна. Үүнд:
    1. Баланс;
    2. Орлогын тайлан;
    3. Мөнгөн гүйлгээний тайлан;
    4. Хуримтлагдсан хандивын тайлан;
    5. Нэмэлт тайлбар, тодруулга гэх мэт.

2 дугаар зүйл. Холбооны санхүүжилт

  • Холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
    1.1.
    Гишүүд, гишүүн байгууллагуудын татвар;
    1.2.
    Иргэд, гадаад дотоодын байгууллагын хандив, тусламж;
    1.3.
    Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого;
    1.4.
    Зээлийн, өвийн, төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс олгосон хөрөнгө гэх мэт.
  • Холбооны салбарууд нь татвар хураамжаа өөрсдөө захиран зарцуулах ба орлого, зарлагын тайланг Холбооны төвд жил тутамд ирүүлнэ.
  • Холбооны орлогыг зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд уг орлогоос ногдол ашиг хуваарилах, хувь хүн, аж ахуйн нэгж, аливаа байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн өмнөөс ямар нэгэн төлбөр хийх, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандив өргөхийг хориглоно.
  • Удирдах зөвлөлийн гишүүн холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  • Ес дүгээр бүлэг

    Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах

    1 дүгээр зүйл. Татан буулгах үндэслэл, хөрөнгө шилжүүлэх

    1. Холбоог энэхүү дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулан хууль тогтоомжийг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан бол, мөн гишүүд дэмжигчдийн олонх санал гаргавал татан буулгаж болно. Татан буулгах тухай шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргаж, энэхүү шийдвэрээ 21 хоногийн дотор олон нийтэд мэдээлж, төрийн эрх бүхий байгууллагад бичгээр мэдэгдэн улсын бүртгэлээс хасуулна.
    2. Холбоо татан буугдсан тохиолдолд зохих төлбөр тооцоог барагдуулсны дараа түүний эзэмшлийн эд хөрөнгийг ижил төстөй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх эсвэл зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

    Аравдугаар бүлэг

    Холбооны сан

    1 дүгээр зүйл. Сан байгуулах, татан буулгах

    1. Холбооны дэргэд холбооны үндсэн зорилгыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлэхэд зориулж сан байгуулж ажиллуулж болно.
    2. Холбооны дэргэд сан байгуулах асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх бөгөөд сангийн үйл ажиллагааг зохицуулах журмыг мөн хурлаар хэлэлцэн баталж мөрдүүлнэ.
    3. Холбооны санг хандивийн хөрөнгө болон үйл ажиллагаанаас олсон орлогын тодорхой хувийг байршуулснаар байгуулна.
    4. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх ажлыг Гүйцэтгэх захирал хариуцан ажиллаж, Удирдах зөвлөлд тайлагнана. Сан нь жил бүрийн орлогынхоо 50%-аас доошгүйг дүрэмд заасан үйл ажиллагаанд зарцуулна.
    5. Санг татан буулгах тухай шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана. Татан буугдсан сангийн эд хөрөнгийг холбооны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.

    Арван нэгдүгээр бүлэг

    Бусад зүйл

    1. Энэхүү дүрэм нь Холбооны Их хурлаар бүх гишүүдийн төлөөллийн олонхийн саналаар батлагдсан бөгөөд батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
    2. Энэхүү дүрэм болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ.

    -------------- о О о -------------

    2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр Их хурлаар хэлэлцэв.

    ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
    НЭГ. НИЙТЛЭГ ШААРДЛАГА
    МБИХ-нд Монгол Улсад барилга болон инженерийн байгууламжийн зураг төсөл зохиох, угсрах, ашиглах, материалын үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэн явуулдаг инженер, мэргэжилтнүүд, байгууллагууд, тэднийг үзэл бодол, үйл ажиллагаа, санхүүгийн хувьд дэмжигч дотоод, гадаадын иргэд, байгууллагууд гишүүнээр элсэж болно.
    1.1.
    Холбооны дүрэмд тодорхойлсон зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хүлээн зөвшөөрсөн, энэхүү журмын 1.1 заалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг мэргэжилтэн, байгууллага нь гишүүнээр элсэх хүсэлтээ гарган гишүүнээр элсэх анкетыг бөглөн, МБИХ эсвэл орон нутгийн салбарт ирүүлнэ.
    1.2.
    Холбооны дүрмийг зөвшөөрөн гишүүн болсноор, Холбооны дүрмийн 4.2 заалтын дагуу гишүүнчлэлийн татварыг заавал төлнө.
    1.3.
    Хувь гишүүн, байгууллагын гишүүний татварын хэмжээг Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тогтооно.
    ХОЁР. ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА  
    2.1.
    Холбооны гишүүд дараах эрх эдэлнэ. Үүнд:
    1. Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүнд сонгох, сонгогдох, нэрээ дэвшүүлэх, татгалзах;
    2. Холбооны бүх гишүүдийн хуралд татвар төлсөн хувь гишүүн саналын нэг эрхтэйгээр, энгийн ангилалтай байгууллага саналын тав, мөнгөн ангилалтай байгууллага саналын арван эрхтэйгээр, алтан ангилалтай байгууллага саналын хорин эрхтэйгээр оролцох;
    3. Гишүүн байгууллагын инженер нь хувь гишүүнээр элссэн бол бүх гишүүдийн хуралд өөрийн саналын эрхийг эдлэх. Энэ тохиолдолд тухайн гишүүн хувь гишүүний татварыг тухайн жилийн эхний улиралд төлсөн байх;
    4. Холбооны үйл ажиллагааны хүрээний асуудлаар Холбооны Удирдах зөвлөл, гүйцэтгэх албанд асуудал оруулах;
    5. Холбооны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зохих итгэмжлэлийн дагуу Холбоог төлөөлөх, нэр, бэлгэ тэмдгийг хэрэглэх;
    6. Холбооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг үнэ төлбөргүй авах ба холбооны санд байгаа ном хэвлэлийг тогтсон журмын дагуу ашиглах;
    7. Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах;
    8. Холбоонд мэргэжлийн үйл ажиллагаа, бүтээлийнхээ зохиогчийн эрхийг хамгаалах талаар батламж тодорхойлолт гаргуулахаар тусламж хүсэх;
    9. Холбооноос зохион байгуулсан хурал зөвлөгөөнд санал өгөх, батлах эрхтэйгээр оролцох;
    10. Холбооноос ажил мэргэжил, үйл ажиллагаандаа дэмжлэг, туслалцаа авах;
    11. Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу олон улсын болон бүсийн уулзалт хурал зөвлөгөөндхолбоог төлөөлөн оролцох;
    12. Их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутан гишүүнчлэлийн татвараас чөлөөлөгдөх;
    13. Гишүүн байгууллагууд нь мэргэжлийн дэмжлэг туслалцаа авах, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллээр гадаад дотоодод сурталчлах, хамтын ажиллагаандаа дэмжлэг авах;
    2.2.
    Холбооны гишүүн дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
    1. Холбооны дүрмийг сахих, биелүүлэх;
    2. Холбооны үйл ажиллагаа, шийдвэр, уриалгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох;
    3. Холбооны гүйцэтгэх алба, түүний салбар нэгж, клуб, сангаас зохион байгуулсан өдөрлөг, семинар, сургалт, сурталчилгаа, судалгааны ажилд идэвх, санаачлагатай оролцох;
    4. Гишүүний татварыг тухайн жилийн эхний улиралд багтаан төлөх;
    5. Мэргэжлийн болон сахилгын, ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлан мэргэжлээрээ нэр төртэй ажил, үйлчилгээ эрхэлж, эдгээрийг зөрчсөн хүмүүс, байгууллагад шаардлага тавих, зохих газарт мэдэгдэх;
    6. Холбооноос өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;
    7. Мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлэх
    8. Холбооны нэр, бэлгэ тэмдгийг буруугаар ашиглахгүй байх;
    9. Барилгын салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, шилдэг техник технологи, шинжлэх ухаан, техникийн ололтыг сурталчлан нэвтрүүлэх, салбарын ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлж экологи болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд оролцох;
    10. Барилгын тухай хууль болон салбарын бусад хууль тогтоомж, шийдвэр, дүрэм, журам, норм, стандарт, техникийн шаардлагын биелүүлж ажиллах.
    ГУРАВ. ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ  
    3.1.
    Холбооны  дүрмийг хүлээн зөвшөөрсөн,барилга болон инженерийн байгууламжийн зураг төсөл зохиох, угсрах, ашиглах, материалын үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэн явуулдаг инженер, мэргэжилтнүүд, байгууллагууд тэднийг үзэл бодол, үйл ажиллагаа, санхүүгийн хувьд дэмжигч дотоод, гадаадын иргэд, байгууллагууд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэнэ.
    3.2.
    Гишүүнээр элсэгч дараах материалыг бүрдүүлж, Холбоо болон орон нутгийн салбарт ирүүлнэ.
    1. Хувь гишүүнээр элсэх хүсэлт
    2. Гишүүн байгууллагаар элсэх хүсэлт
    3.3.
    Гишүүнээр элсэгч нь ангиллын дагуу жилийн татвараа төлсөн өдрөөс эхлэн МБИХ-ны үйл ажиллагаанд оролцон, гишүүний эрхээ эдэлнэ.
    3.4.
    Татварыг Холбооны банкны дансанд эсвэл бэлнээр төлж болно.
    ДӨРӨВ. ГИШҮҮНЭЭС ЦУЦЛАГДАХ, СЭРГЭЭХ
    4.1.
    Холбооны гишүүнчлэл дараах нөхцөлд цуцлагдана. Үүнд:
    1. Өөрийн санал хүсэлтээр;
    2. Холбооны дүрмийг зөрчсөн, гишүүний үүргээ удаа дараа биелүүлээгүй;
    3. Мэргэжлийн, сахилгын эсвэл ёс суртахууны зөрчил гаргасан.
    4.2.
    Холбооны гишүүнээс цуцлагдвал тухайн гишүүний төлсөн татвар, хандивын буцаан олгохгүй.
    ТАВ. ГИШҮҮНЧЛЭЛИЙН ДАВУУ ТАЛ
    5.1.
    Төр, засгийн байгууллагуудад салбарын болон гишүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалуулах чиглэлээр  Холбооноос явуулж буй үйл ажиллагаанд санал дүгнэлтээ өгөх, оролцох боломжоор хангагдах.
    5.2.
    Хамтын ажиллагаатай гадаадын холбоодын хамтын ажиллагааны саналууд, Холбооноос  зохион байгуулж байгаа уулзалт, семинар, дугуй ширээний ярилцлага, үзэсгэлэн, арга хэмжээний мэдээллийг тогтмол авах, бизнес саналаа дотоодод болон гадаадад түгээх.
    5.3.
    Холбооны  зарим үйлчилгээг электрон хэлбэрээр авах.
    5.4.
    Холбооноос зохион байгуулсан сургалтуудад хөнгөлөлт эдлэх.
    5.5.
    Холбооны дэргэдэх төв, сан, клубээр үйлчлүүлж, хуулийн болон техникийн зөвлөгөө мэдээлэл авах.
    5.6.
    Хамтын ажиллагаатай гадаад холбоодын оны уулзалтад оролцох, олон улсын болон бүсийн уулзалт, хурал зөвлөгөөнд Холбоог төлөөлөх оролцох.
    5.7.
    Холбооны номын сангаар үнэгүй үйлчлүүлэх.
    5.8.
    Заагдсан үйл ажиллагаанд хөнгөлөлт эдлэх.
    МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО