|
Нүүр » Хэвлэл » 2009. дугаар-38 1-р нүүрт
Оны шилдгүүдээ шалгарууллаа Манай холбоо нь уламжлал ёсоороо 2009 оны шилдэг бүтээл, шилдэг гишүүдээ шалгарууллаа. “Оны шилдэг бүтээл”-ээр МУШУТИС-БИАС-ийн Геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор Д.Дашжамцын бичсэн Геотехникийн цуврал сурах бичиг “Хөрсний механик”, “Буурь, суурь”, “Тогтворгүй бүтэцтэй хөрсний механик” номууд, “Оны шилдэг инженер”-ээр барилга угсралтын Дельта констракшн ХХК-ний ерөнхий захирал Ц.Эрдэнэбат, Ситиком интернэшнл ХХК-ний Зөвлөх инженер С.Батдэлгэр, “Оны шилдэг залуу инженер”-ээр Автор ХХК-ний зураг төслийн инженер Л.Мөнхсайхан, “Оны шилдэг оюутан”-аар ШУТИС-БИАС-ийн Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн 3 дугаар дамжааны оюутан Г.Билэгсайхан нар тус тус шалгарлаа. Мөн нэр дэвшигчдээсээ барилгын зураг төслийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж барилгын зураг төслийн “Хангайн нар” ХХК-ны цахилгааны инженер Л.Түвшинцэнгэл, зураг төслийн “Орхон конструкшн” ХХК-ны инженер Г.Амарзаяа нарт холбооны “Хүндэт өргөмжлөл”-ийг олгов.
1-р нүүрт
Оны шилдэг бүтээл2009 оны шилдэг бүтээлээр шалгарсан энэхүү цуврал бүтээл нь Барилгын  инженер, архитектурын сургуулийн оюутны үндсэн сурах бичгээр батлагдсан бөгөөд “Хөрсний механик” (Геотехник-2), “Буурь, суурь” (Геотехник-3), “Тогтворгүй бүтэцтэй хөрсний механик” (Геотехник-4) гэсэн 3 номноос бүрдэж байна. Эдгээр бүтээлүүд нь 3 дахь удаагаа шинэчлэгдэн хэвлэгдэж байгаа бөгөөд анх 1994 онд “Хөрсний механикийн үндсэн сэдвүүд”, “Барилга байгууламжийн буурь, суурь-1”, “Барилга байгууламжийн буурь, суурь-2” (Монгол орны инженер геологийн түвэгтэй нөхцөлд) гэсэн нэртэйгээр хэвлэж гаргасан бөгөөд 2004 онд “Инженерийн геологи” (Геотехник-1), “Хөрсний механик” (Геотехник-2), “Буурь, суурь” (Геотехник-3), “Тогтворгүй бүтэцтэй хөрсний механик” (Геотехник-4) нэртэйгээр цуврал болж хэвлэгдсэн. Эдгээр номууд худалдаанд гараад нөөц нь дууссан тул зохиогч 2009 онд эдгээр номуудыг 3 дахь удаагаа засварлаж хэвлүүлээд байна. Эдгээр ном нь оюутнууд төдийгүй барилгын инженерүүдэд өргөн ашиглагдаж байна. Ном тус бүрийн товч танилцуулгыг сийрүүлбэл: 2-р нүүрт
Оны шилдэг инженер Цогтоожавын Эрдэнэбат  Ц.Эрдэнэбат нь 1977 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгсөөд 1977-1978 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн хэлний бэлтгэл факультетэд, 1978-1983 онуудад ЗХУ-ын Ташкент хотын Политехникийн дээд сургуулийн Барилгын инженерийн факультетэд Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжийн инженер мэргэжлээр элсэн суралцсан. Суралцаж төгсөөд аймгийнхаа Барилга угсралтын трестэд хуваарилагдан 10 жил ажиллахдаа 55 барилга ашиглалтанд өгсөн байна. Инженер Ц.Эрдэнэбатын мэргэжлийн ур чадвар цар хүрээг шалгасан инженерийн томоохон шийдэл бүхий барилга нь Япон улсын тусламжаар хэрэгжүүлсэн 4-р цахилгаан станцын шинэтгэлийн төслийн ажил байжээ. Нэг бүр нь 150 тн арматурчлалтай 1300 гаруй метр куб эзлэхүүнтэй /3640000 кг жинтэй/ энэ аварга том суурийн анкерийн 53 боолтуудын тодорхой дарааллаар 2 мм-ийн нарийвчлалтайгаар суулгаж бетон цутгах, хязгаарлагдмал, орчинд уг суурин дээр 75 тн жинтэй тоног төхөөрөмжүүдийг угсрах нь инженерийн асар их ур чадварыг шаардсан ажил байсан юм. 2003 оноос “Дельта констракшн” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаандаа “Hi-Fi” Mega Store үйлчилгээний төв, “Хос цамхаг” орон сууцны 16 давхар барилгууд, “Скайтаун” орон сууцны 16 давхар барилга, “Кристал таун” цогцолборын 535 айлын орон сууцны барилгууд зэрэг нийт 15 барилга томоохон барилга байгууламжуудыг барьж ашиглалтанд оруулжээ. Оны шилдэг инженер Самдангийн Батдэлгэр С.Батдэлгэр нь 1944 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 1958-1963 онуудад Ховд аймгийн 10 жилийн дунд сургуульд, 1963-1969 онуудад ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуульд суралцаж усан хангамж ариутгах татуургын инженерийн мэргэжлээр төгссөн. 1974 онд мөн сургуульдаа мэргэжил дээшлүүлсэн. ДБАМДИ-д мэргэжлээрээ МУеын Зөвлөх инженерийн зэрэг хамгаалсан. 2002 онд техникийн шинжлэх ухааны магистрын цолыг хүртсэн. 1969-1972 онуудад Улсын барилгын зургийн төв институтын ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний товчоо, техникийн хэлтэст инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1985-1990 онуудад БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны Эдийн засгийн зөвлөхийн товчоо, Худалдааны төлөөлөгчийн газарт зураг төсвийн мэргэжилтэн, 1991-1997 онуудад барилгын зургийн Од төсөл ХХК-д ахлах инженер, 1997 оноос одоог хүртэл барилгын зургийн Ситиком ХХК-д зөвлөх инженерээр ажиллаж байна.
Оны шилдэг залуу инженер Лхамсүрэнгийн Мөнхсайхан Л.Мөнхсайхан нь 1987 -1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг онц дүнтэй төгссөн. 1997-2001 онд МУТИС-ийн БИС-н Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн ангийг баклаврын зэрэгтэй төгсөөд 2002 онд магистрын зэргийг хамгаалсан байна. 2007 онд барилгын зураг төслийн мэргэшсэн инженер болсон тэрээр 2001-2005 онд “Зуун найм” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байсан бөгөөд 2005 оноос өнөөг хүртэл “Автор” ХХК-д барилга бүтээцийн зураг төслийн инженерээр ажиллаж байна. Ажлын гараагаа эхэлснээс хойш нийт 100 гаруй барилгын зураг төсөл дээр гүйцэтгэгч болон инженерээр ажилласан. Тухайлбал, Дистинэйшил Монголиа ХХК-ны орон сууцны барилга, “Гандирс” орон сууц үйлчилгээний төвийн барилга, Топ мебель ХХК-ны орон сууцны 545 айлын Кристал таун цогцолбор, МАХ группын 11-р хороолол дахь орон сууцны барилга, Өмнөговь аймаг дахь олон улсын нисэх буудлын барилга, Завхан аймгийн Донойн хөндий дэх онгоцны буудал гэх мэт олон арван барилгуудын зураг төслийг гүйцэтгэсэн байна.
Оны шилдэг оюутан Ганболдын Билэгсайхан Г.Билэгсайхан нь 1989 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 2007 онд Есөнбулаг сумынхаа 5-р сургуулийг алтан медальтай төгссөн. Г.Билэгсайхан нь ерөнхий боловсролын сургуульд зохиогддог математик, физикийн олимпиадуудад амжилттай оролцож байсан. Тухайлбал, 1998 оны аймгийн математикийн олимпиад 2-р байр, 1999 онд аймгийн математикийн олимпиад 1-р байр, 2005 он Сэвжидийн нэрэмжит олимпиад 1-р байр, 2005 он химийн бага олимпиад 3-р байр, 2005 он Содномын нэрэмжит бүсийн олимпиадад тусгай байр /физик, математик/, 2006 он IQ олимпиад тусгай байр, 2007 он аймгийн математикийн олимпиад 1-р байр улсад тусгай байр, 2007 он аймгийн физикийн олимпиад 1-р байр, улсад тусгай байр тус тус эзэлж амжилттай оролцож байжээ.
Оны шилдэг оюутан Феодорын Пүрэвбат Ф.Пүрэвбат нь 1987 онд төрсөн. 2003 онд “Эрдмийн ундраа” цогцолборыг төгсөн, 2005 онд Хангай дээд сургуулийг хэвлэлийн эх бэлтгэгч, редактор, арван хурууны бичээчийн 3-р зэрэгтэй төгссөн. 2007 онд Барилгын коллежийн Зураг төслийн инженерийн ангид элсэн орж амжилттай суралцаж байгаа тэргүүний оюутнуудын нэг юм. Ф.Пүрэвбат нь 2008 онд оюутнуудын дунд зохиогдсон “Сонгууль сэдэвт” эрдэм шинжилгээний хуралд 2-р байр, 2009 онд “Хямралын эсрэг хамтдаа” илтгэлээр 1-р байр, 2009 оны 12-р сард Техник технологийн коллеж байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын мэргэжлийн сургуулиудын дунд зохиогдсон шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд 3-р байр, Хүнсний технологийн коллежийн нэрэмжит “Монгол улсын хөгжлийн гарц” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хуралд “Утаагүй нийслэл улсын хөгжил” сэдвээр оролцож 3-р байр, Барилгын коллежийн оюутнуудын дунд зохиогдсон “Математик IQ” тэмцээнд оролцож 1-р байр эзэлсэн. 2009 оны 5 сард багш Баттуяагийн удирдлаган дор “Монголд нэг сая мод тарих” ажлыг эхлүүлэх аянд анги хамт олноо удирдан идэвхитэй оролцсон сурлага, сахилга бат сайтай тэргүүний оюутан юм. 2009 оны 12 сард Монголын ардчилсан социалист оюутны холбооны дээд шагнал “Эрдмийн од” алтан медаль, Барилгын коллежийн сургуулийн захиргаанаас 2 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан тул 2009-2010 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 50% хөнгөлөлт эдлэх “Батламж”-ыг тус тус хүртсэн байна.
Хүндэт өргөмжлөлийн эзэн Лю-Ру-И овогтой Түвшинцэнгэл Л.Түвшинцэнгэл нь 1935 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 5-р дунд сургуулийг 1956 онд онц сайн дүнтэйгээр төгссөн. 1960 онд БЗТИнститутэд техник, ахлах техник, инженер, ахлах инженер, МУ-ын тэргүүлэх инженер, МУ-ын зөвлөх инженер зэрэг цахилгааны мэргэжлийн зэрэглэлээр ажиллаж, орон сууц, иргэний барилгын товчоонд цахилгаан, холбоо, сантехникийн группын анхны дарга, товчооны цахилгааны ерөнхий мэргэжилтэн, институтийн цахилгааны мэргэжлийн зөвлөлийн дарга зэрэг албыг хашиж ирсэн. Засгийн газрын ордоны барилгын цахилгаан хангамжийн зураг төслийн ажлыг 1965 оноос эхлэн дагнан хариуцаж удаа дараагийн их, бага засвар, өргөтгөлийн зураг төслийг гүйцэтгэж 2003-2005 онуудад Улсын их хурлын танхимын ажлын зураг, төрийн ордоны их засварын техникийн төсөл, төрийн ордон ёслолын танхмын ажлын зураг /1-р хувилбар/ ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Хүндэт өргөмжлөлийн эзэн Ганзулын Амарзаяа Г.Амарзаяа нь 2003 онд ШУТИС-ийг Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгсч 2004 оноос одоог хүртэл барилгын зураг төслийн “Орхон конструкшн” ХХК-р инженерээр ажиллаж байна. Г.Амарзаяа нь ажиллах хугацаандаа аймгуудад баригдах 10 ортой эмнэлгийн барилга, 75 ба 120 ортой цэцэрлэгийн барилгууд, Эрдэнэт хотын Гэрлэх ёслолын ордон, Алтай констракшн, Орчлон констракшн, Аранзал инвест, Эрхэт трейд, Наранбулаг, Зип трейд, Дорнын өргөө, Пи Ай Эм Эм ХХК-уудын оффис болон 5-16 давхар орон сууцны барилгууд, Увс аймгийн бөхийн өргөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний баруун, зүүн жигүүрийн өргөтгөлийн барилга зэрэг 50 гаруй барилгын бүтээцийн зураг төслийн техникч инженерээр ажилласан байна. Мөн Өндөрхаан хотын цэвэр усны насосны станцууд, Увс аймгийн Завхан сумын Соёлын төв, Улаанбаатар хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чийрэгжүүлэлтийн төвийн барилга зэрэг баригдсан барилгуудын эвдрэл гэмтэлтэй хийц болох хучилт, хана, багана, дам нурууны бэхэлгээ, хүчитгэлийн зургийг боловсруулахад оролцон ажилласан байна. Ажиллах хугацаандаа залуу инженерүүдэд ажлын дадлага туршлагаасаа эзэмшүүлсэн байна. Г.Амарзаяа нь 2006-2007 онд магистрын зэрэг хамгаалж, 2008 онд барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн хүрээнд мэргэшсэн инженерийн зэрэг авсан болно. Түүний 2008 он хүртэл хийж бүтээсэн ажил, туршлагыг үнэлж Холбооны Хүндэт өргөмжлөл олгов.
|