• 976-11-330985
  • info@mace.org.mn

“MACE ANNUAL MEETING 2023”-ЫН ХҮРЭЭНД ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

MACE ANNUAL MEETING-2023” олон улсын арга хэмжээний 2 дахь өдөр буюу 2023.06.23-ны баасан гарагт “Барилгын салбарын ил тод байдал. Авлигаас сэргийлэх нь. Олон улсын туршлага” дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулав. Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан барилгын салбар дахь авлигын асуудлаар хийсэн энэ арга хэмжээнд холбооны хамтын ажиллагаат С Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбоо (KSCE), Тайванийн Барилгын инженерүүдийн Холбоо (CICHE)-ны төлөөллөөс гадна БНСУ-ын Аудит, хяналтын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, профессор И Юн Так болон БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх Соён Гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, Ахлах комиссар Б.Тэрбиш, “Транспэрэнси Интернэшнл Монголия” ТББ-ын Хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр болон бусад төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 55 оролцов.

Дугуй ширээний ярилцлагын хүрээнд,

-“Салбарын авлигын эрсдэлийг үнэлэх олон улсын аргачлал: Монгол Улсын онцлог”

-“Монголын барилгын салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээл, Авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”

-“Барилгын салбарын ил тод байдал”

-“БНСУ-ын Олон улсын төслүүдэд техникийн аудит хийх аргачлалын судалгаа, жишээ” илтгэлүүдийг сонсож, дараа нь тун сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Илтгэлүүдэд дурдагдсан судалгаа, тоо баримт, шийдвэрлэсэн арга зам, бодит жишээнүүд дугуй ширээний ярилцлагад оролцогсод болон хэвлэл мэдээллийнхний анхаарлыг маш ихээр татсан. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын хийсэн судалгаа, тоо баримт дээр Тайвань болон Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбоодын төлөөлөгчид ихэд нухацтай ярилцсан төдийгүй өөрийн орны туулсан туршлага, авсан арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй ярьж, санал бодлоо харамгүй хуваалцлаа. Түүнчлэн манай улсад ажиллаж буй барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын ажлын арга барил, тогтолцоо гадны орнуудад огт байдаггүй төдийгүй, ажилладаг системийг тайлбарлахад огт ойлгохгүй, ихэд гайхав. Мөн тусгай зөвшөөрлийг эдгээр орнуудад хэрхэн олгодог, яаж хяналт тавьдаг талаар ч ярилаа.

Бас нэгэн шинэ зүйл нь БНСУ-д саяхан батлагдсан нэгэн хуулиар барилгын төсөл хэрэгжих явцад осол, алдаа гарвал тухайн компанийн гүйцэтгэх захирал шийтгэгддэг болсон аж. Энэ арга хэмжээ барилгын салбарт гардаг хууль зөрчсөн үйлдлүүд, осол аваарыг багасгахад маш ихээр нөлөөлж байгаа гэнэ. Ийнхүү удтал ярилцсаны эцэст нь манай улс барилгын салбараа авлигаас салгахын тулд тогтолцоогоо сайжруулж, өөрчлөх шаардлагатай болжээ гэдэг дээр дугуй ширээний ярилцлагад оролцогсод санал нэгдэв. 

Дугуй ширээний ярилцлагын эцэст Авлигатай тэмцэх газраас дүгнэлт гарган, 4 асуудалд анхаарахаар болсноо хэлж, барилга хүлээж авах комиссын гишүүд болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргах болон дахин хэлэлцүүлэг зохион байгуулж, барилгын салбарын авлигын асуудлыг цэгцлэх үйлсэд цаашид хамтран ажиллах хүсэлтээ Монголын Барилгын Инженерүүдийн Холбоонд тавилаа.

Техникийн семинарын үеэр авсан гэрэл зургуудыг Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо facebook пэйж хуудаснаас үзнэ үү.  

Нийтэлсэн: 2023-06-28

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.