• 976-11-330985
  • info@mace.org.mn

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны XII Их хурлаар хэлэлцэж батлав.

МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ
(Найм дахь шинэчилсэн найруулга)
НЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” нь (цаашид Холбоо гэх) Монгол Улсын “Иргэний хууль”, “Төрийн бус байгууллагын тухай” хууль, “Барилгын тухай” хууль, холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, барилгын салбарын мэргэжлийн инженер, мэргэжилтнүүд, дэмжигчдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, өөрөө удирдах ёсны, ашгийн бус мэргэжлийн нэгдсэн холбоо бөгөөд төрийн бус байгууллага байна. 
1.2. Байгууллагын оноосон нэр нь: 
  • - монгол хэлээр - “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо“, товчилсон нэр нь: “МБИХ”;
  • - англи хэлээр - “Mongolian Association of Civil Engineers”, товчилсон нэр нь “МАСЕ” гэж нэрлэнэ.
1.3. Холбоо нь орон нутаг болон гадаад улсуудад өөрийн салбартай байж болно. 
1.4. Холбоо нь Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 45/2, шуудангийн Улаанбаатар хот, 210640. Ш/х: 44/7 хаягт байрлана. Электрон шуудангийн хаяг: mace@mace.org.mn  Вэб хуудас: www.mace.org.mn  
1.5. Холбоо нь Удирдах Зөвлөлөөс баталсан эмблем, бэлгэ тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, цахим хуудас, хэвлэл, банкны харилцах данстай байна.
1.6. 1996 оны 02-р сарын 09-ний өдөр бол тус холбоог үүсгэн байгуулсан өдөр мөн.
1.7. Энэхүү дүрэм нь Холбооны Их хурлаар бүх гишүүдийн төлөөллийн олонхын саналаар батлагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
ХОЁР. ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ЗАРЧИМ
2.1. Холбооны алсын хараа нь Иргэдийн эрүүл, аюулгүй, ногоон орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд мэргэжлийн өндөр ёс зүйтэй ажиллах инженерүүдийн гишүүнчлэл бүхий барилгын салбарыг түүчээлэх үндэсний холбоо байна.   
2.2. Холбооны эрхэм зорилго нь барилгын салбарын инженерүүдийн мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх, ур чадвараа хөгжүүлэх, мэдлэг туршлагаа сайжруулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, оролцоог нь төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжлийн хүрээнд хангах, салбарын хөгжлийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхэд оршино. 
2.3. Холбооны зорилтууд:
     2.3.1. Барилгын салбарын инженерийн мэргэжлийг сурталчлах, ОУ-ын жишигт ойртуулан хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах; 
     2.3.2. Барилгын салбарын инженер мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг сайжруулах замаар хөгжүүлэх; 
     2.3.3. Барилгын салбарын бодлогын баримт бичигт санал оруулах, хэрэгжилтийг хангахад салбарын инженерүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хөгжүүлэх; 
     2.3.4. Салбарын инженерүүдэд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх зан үйлийг төлөвшүүлэх; 
     2.3.5. Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх; 
     2.3.6. Шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлэх;
2.4. Холбоо нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:
     2.4.1. Хүний эрхийг эрхэмлэх, аливаа нам, улс төр, шашны үйл ажиллагаанаас ангид байх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй явуулах; 
     2.4.2. Ёс зүйтэй байх, авилгаас ангид байх
     2.4.3. Гишүүдээ мэргэжлийн хувьд байнга хөгжиж, тасралтгүй суралцах үйл явцыг дэмжих; 
     2.4.4. Холбоо нь бүх гишүүддээ эрх тэгш үйлчлэх, нийт гишүүдийн оролцоог хангаж ажиллах;  
     2.4.5. Холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан, нэгдмэл зарчимд тулгуурлах;
     2.4.6. Шийдвэр гаргах хамтын удирдлагын зарчим баримтлах; 
     2.4.7. Үйл ажиллагаагаа ойрын болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд үндэслэн явуулах. 
2.5. Холбоо нь энэхүү дүрмийн 2.2 зүйлд заасан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд 2.3 зүйлд заасан зарчмыг баримтлан дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:
     2.5.1. Гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, барилгын салбарыг хөгжүүлэх талаар баримталж байгаа төр засгийн бодлого, үйл ажиллагааг дэмжих
     2.5.2. Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, 
     2.5.3. Төрийн зарим чиг үүргийг дангаар болон салбарын бусад төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
     2.5.4. Барилгын салбарын норм, нормативын баримт бичиг болон үйл ажиллагааны баримт бичиг боловсруулах, санал, зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах;
     2.5.5. Барилгын салбарын мэргэжилтэн, гишүүдийнхээ мэдлэг чадвар, ёс зүйг дээшлүүлэх талаар онцгойлон анхаарч, тэднийг давтан сургах ажлыг удирдан зохион байгуулах;
     2.5.6. Үндэсний болон олон улсын чуулга уулзалт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, яармаг худалдаа зэрэг арга хэмжээг зохион байгуулах;
     2.5.7. Барилгын салбарын ажил, үйлчилгээ, ололт амжилтыг олон нийтэд сурталчлах, таниулах;
     2.5.8. Гишүүдийн нэгдсэн мэдээллийн сантай болох, мэдээлэл түгээх, мэдээллийн олон сувагтай байх;
     2.5.9. Зөвлөх үйлчилгээ болон хуулиар хориглоогүй бусад үйлчилгээ явуулах; 
     2.5.10. Монгол Улсад болон гадаадад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх, захиран зарцуулах, түрээслэх, түрээслүүлэх;
     2.5.11. Гишүүдийг төр засгийн, олон улсын болон бусад шагнал, өргөмжлөлд тодорхойлж дэмжих, шаардлагатай батламж тодорхойлолт гаргах;
     2.5.12. Холбооны нэрэмжит шагнал, өргөмжлөл олгох;
     2.5.13. Холбоо нь гадаадын болон олон улсын ижил төрлийн байгууллагад гишүүнээр элсэх, олон улсын хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх.
     2.5.14. Барилгын салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх, танилцуулах, оюун өмч, патент, гэрчилгээ авахад тодорхойлолт гаргах, олон нийтийн хүртээл болгоход бодлогоор дэмжин ажиллах
     2.5.15. Зорилгодоо нийцсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулах.
2.6. Холбоо нь энэ дүрмийн 2.3 зүйлд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:
     2.6.1. Хүний эрхийг эрхэмлэх, аливаа нам, улс төр, шашны үйл ажиллагаанаас ангид байх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй явуулах; 
     2.6.2. Ёс зүйтэй байх, авилгаас ангид байх
     2.6.3. Гишүүдээ мэргэжлийн хувьд байнга хөгжиж, тасралтгүй суралцах үйл явцыг дэмжих; 
     2.6.4. Холбоо нь бүх гишүүддээ эрх тэгш үйлчлэх, нийт гишүүдийн оролцоог хангаж ажиллах;  
     2.6.5. Холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан, нэгдмэл зарчимд тулгуурлах;
     2.6.6. Шийдвэр гаргах хамтын удирдлагын зарчим баримтлах; 
     2.6.7. Үйл ажиллагаагаа ойрын болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд үндэслэн явуулах. 
ГУРАВ. ГИШҮҮНЧЛЭЛ, ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Холбоо нь гишүүн нь дүрэм, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн барилгын салбарын өмчийн бүх хэлбэрийн байгууллага, тэдгээрийн инженер техникийн ажилтнууд, холбоог үзэл бодол, үйл ажиллагаа, санхүүгийн хувьд дэмжигч дотоод, гадаадын иргэн, байгууллага байна.  
3.2. Холбооны гишүүн дараах төрлөөр ангилагдана. Үүнд::
     3.2.1. Үндсэн гишүүн (хувь хүн ба гишүүн байгууллага) гэдэг нь гишүүнчлэлийн татвар төлж, гишүүн болсон барилгын салбарын инженер, мэргэжилтэн, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг хэлнэ. 
     3.2.2. Хүндэт гишүүн гэдэг нь холбоог хөгжүүлэх, бэхжүүлэхэд болон барилгын салбарт онцгой  хувь нэмрээ оруулсан, барилгын салбарын чиглэлийн мэргэжилтэй  дотоодын болон гадаадын иргэн байна. 
     3.2.3. Ахмад гишүүн гэдэг нь барилгын салбарт ажиллаж байгаад он удаан жил ажиллаж, өндөр насны тэтгэвэрт хувь хүн байна.
     3.2.4. Оюутан гишүүн гэдэг нь барилгын салбарын чиглэлээр инженерийн мэргэжил эзэмшихээр гадаад болон дотоодын коллеж, их дээд сургуульд бакалаврын зэргээр суралцаж буй оюутан байна.
     3.2.5. Гадаад гишүүн гэдэг нь Монгол улсын харьяалалгүй, дотоодын болон гадаад улс орны барилгын салбарт ажилладаг, холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дураар элссэн, барилгын салбарын чиглэлийн мэргэжил бүхий гадаад улсын иргэн байна.
     3.2.6. Дэмжигч гишүүн гэдэг нь холбооны дүрэмд нийцсэн үйл ажиллагааг зөвшөөрч, ажил үйлс, эд материалаар дэмжигч дотоод, гадаадын иргэн, байгууллага байна.
3.3. Хүндэт гишүүнээр өргөмжлөх асуудлыг Гишүүнчлэлийн хороо санал оруулж, Удирдах Зөвлөл шийдвэрлэнэ.
3.4. Гишүүн нь дараах эрхийг эдэлнэ. 
     3.4.1. Холбооны албан тушаалд сонгох, сонгогдох, нэрээ дэвшүүлэх, татгалзах. 
     3.4.2. Холбооны Их хурлаас өмнө 6 сараас доошгүй хугацаанд үндсэн гишүүнээр элссэн байх бөгөөд Их хуралд хувь гишүүн нь саналын нэг эрхтэйгээр, гишүүн байгууллага нь таван саналын эрхтэйгээр оролцох; 
     3.4.3. Холбооны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх;
     3.4.4. Удирдах зөвлөлийн олгосон итгэмжлэлийн дагуу холбоог төлөөлөх, нэр, бэлгэ тэмдгийг хэрэглэх
     3.4.5. Холбооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг үнэ төлбөргүй авах ба холбооны санд байгаа ном хэвлэлийг холбогдох журмын дагуу ашиглах
     3.4.6. Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах;
     3.4.7. Холбоонд мэргэжлийн үйл ажиллагаа, бүтээлийнхээ зохиогчийн эрхийг хамгаалах талаар батламж, тодорхойлолт, гомдол, санал, хүсэлт гаргуулахаар тусламж хүсэх;
     3.4.8. Холбооноос зохион байгуулсан хурал зөвлөгөөнд санал өгөх, батлах эрхтэйгээр оролцох;
     3.4.9. Холбооноос ажил мэргэжил, үйл ажиллагаа, эрх зөрчигдөж буй аливаа асуудал дээр дэмжлэг, туслалцаа авах;
     3.4.10. Холбооноос зохион байгуулж байгаа сургалтуудад хөнгөлөлт эдлэх; 
     3.4.11. Холбооны Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу олон улсын болон бүсийн уулзалт хурал зөвлөгөөнд холбоог төлөөлөн оролцох;
     3.4.12. Гишүүн байгууллагууд нь мэргэжлийн дэмжлэг туслалцаа авах, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллээр гадаад, дотоодод сурталчлах, хамтын ажиллагаандаа дэмжлэг авах;
3.5. Гишүүн нь Холбооны үйл ажиллагаанд дараах үүргийг хүлээж оролцоно:
     3.5.1. Холбооны дүрэм, журам дагаж мөрдөх; 
     3.5.2. Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, дэмжих; 
     3.5.3. Гишүүний татварыг тухайн жилийн эхний улиралд багтаан төлөх;
     3.5.4. Мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, зөрчсөн хүмүүс, байгууллагад шаардлага тавих, зохих газарт мэдэгдэх;
     3.5.5. Холбооноос өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;
     3.5.6. Мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх;
     3.5.7. Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас холбоонд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөх; 
     3.5.8. Залгамж үеэ бэлтгэх, тэднийг мэргэшүүлэхэд хувь нэмрээ оруулах;
3.6. Гишүүний эрх, үүрэг үүсэх
     3.6.1. Гишүүнээр элсэхийг хүсэгч нь энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрснөө батлан гишүүнээр элсэх тухай өргөдөл гарган Холбоо эсхүл түүний салбарт хандаж шийдвэрлүүлнэ. 
     3.6.2. Холбоо гишүүнээр элсэх өргөдөл, хүсэлт гаргасан иргэн, байгууллагыг гишүүнээр бүртгэж, батламж олгосноор гишүүн болно.
     3.6.3. Энэхүү дүрэмд заасан гишүүний эрх, үүрэг нь зөвхөн үндсэн гишүүнд хамаарна. 
3.7. Холбооны гишүүнээс дараах аль нэг нөхцөлд цуцална. 
     3.7.1. Гишүүн нь Холбооны гишүүнээс гарах тухай хүсэлт гаргасан;
     3.7.2. Холбооны дүрмийг ноцтой зөрчиж, тэр нь Холбооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэг байдлаар хөндсөн;
     3.7.3. Мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан;
     3.7.4. Нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон; 
     3.7.5. Гишүүн байгууллага татан буугдсан, дампуурсан; 
     3.7.6. Энэ дүрмийн 3.7.2 болон 3.7.3 заалттай холбоотой асуудлыг холбооны Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж, Удирдах зөвлөл шийдвэрлэнэ. 
3.8. Энэ дүрмийн 3.7.6 заалттай холбоотой гишүүн цуцлах тохиолдолд уг  шийдвэрийг өөрт нь мэдээлэх, хариу талбар авах, холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцохдоо гишүүний хөнгөлөлт эдлэх эрхгүй байна. 
3.9. Гишүүнчлэл нь цуцлагдсан гишүүний эрхийг Гишүүнчлэлийн журамд заасан хугацаанд сэргээхгүй.  
3.10. Холбооны үндсэн гишүүн нь гишүүнчлэлийн татвар төлнө. 
3.11. Гишүүнчлэлийн татварын хэмжээг Их хурлаар тогтоох бөгөөд үндсэн гишүүний татвар нь  хувь гишүүн болон гишүүн байгууллагын хувьд ялгаатай байна. 
3.12. Гишүүн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 
     3.12.1. Эрх олгоогүй асуудлаар холбоог төлөөлөх, мэдэгдэл хийх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх; 
     3.12.2. Холбооны нэр хүндэд харшлах үйл ажиллагаагаа явуулах, зохион байгуулах;
ДӨРӨВ. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 
4.1. Холбоо нь өөрийн үйл ажиллагааг нээлттэй, гишүүддээ хүртээмжтэй байлгахын тулд дараах бүтэцтэй байна. Үүнд: 
     4.1.1. Их хурал
      4.1.2. Удирдах Зөвлөл
              4.1.2.1. Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч
              4.1.2.2. Дэд ерөнхийлөгч (3)
              4.1.2.3. Зөвлөхүүдийн танхим  
              4.1.2.4. Мэргэжлийн зөвлөл
              4.1.2.5. Эрдэмтдийн зөвлөл
              4.1.2.6. Хороод
     4.1.3. Хяналтын зөвлөл
     4.1.4. Ажлын алба 
4.2. Орон нутаг, нутаг дэвсгэрийн онцлог байдлыг харгалзан холбооны салбар зөвлөл байгуулах, эсвэл төлөөлөгч томилж болно. Энэ тохиолдолд холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн эсхүл холбоог төлөөлөх албан тушаалтан тухайн орон нутагт ажиллаж, Холбооны үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл өгөх бөгөөд тухайн газар нутагт ажиллаж байгаа инженер техникийн ажилтны төлөөллийг оролцуулсан албан ёсны хурал цуглааны шийдвэрийг Холбоонд ирүүлнэ. Уг асуудлыг холбооны Удирдах Зөвлөлд танилцуулан, салбар зөвлөл байгуулах, эсвэл төлөөлөгч томилох шийдвэрийг гаргаж, Холбоонд бүртгүүлнэ. 
4.3. Салбар нь Их хурал, Удирдах Зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэр зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, Холбооны нэгдмэл удирдлага зөвлөгөөг авч, тайлагнаж ажиллана.
4.4. Холбоо нь дэргэдээ чиглэл бүрийн мэргэжлийн болон эрдэмтдийн зөвлөл, сургалт ба судалгааны төв, нийгэмлэг, лаборатори, клуб, зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэгж байгуулж ажиллаж болох ба эдгээрийн ажиллах журмыг Удирдах Зөвлөл батална. 
4.5. Холбоо нь гишүүнээр элссэн олон улсын байгууллагын дүрэм журмыг мөрдлөг болгон, хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана. 
ТАВ. ИХ ХУРАЛ 
5.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь Холбооны Их хурал байна. 
5.2. Их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
     5.2.1. Холбооны дүрэм батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах; 
     5.2.2. Холбоог өөрчлөн байгуулах, нэгтгэх, татан буулгах;
     5.2.3. Удирдах Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;
     5.2.4. Удирдах Зөвлөл болон Хяналтын Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, дүгнэлт, зөвлөмж өгөх
     5.2.5. Гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох;
     5.2.6. Хяналтын зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх;
5.3. Их хурал нь ээлжит болон ээлжит бус гэсэн хэлбэртэй байх бөгөөд ээлжит Их хурал 3 жилд нэг удаа хуралдана. Их хурал даргалагчаа сонгож, хурлын дэгээ тогтооно.
5.4. Холбооны Их хурлын тов, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Удирдах Зөвлөл тогтоох ба хурал эхлэхээс 21 хоногийн өмнө Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
5.5. Их хурлыг бүртгүүлсэн төлөөлөгчдийн 51 ба түүнээс дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр байна.  
5.6. Хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хурлын Тэргүүлэгчдийг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгох бөгөөд хурлын Тэргүүлэгчдээс даргаа сонгож, хурлыг удирдан, хурлын дэгийг тогтооно.
5.7. Ээлжит бус Их хурлыг дараах нөхцөл, шаардлага үүссэн тохиолдолд Удирдах Зөвлөл тогтоол гаргаж хуралдуулна. Үүнд,
     5.7.1. Холбооны нийт гишүүдийн 26-гаас доошгүй хувь нь ээлжит бус Их хурал хуралдуулахыг шаардсан;
     5.7.2. Хяналтын зөвлөлөөс ээлжит бус Их хурал хуралдуулахыг шаардсан;
     5.7.3. Удирдах Зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санал, шаардлагад үндэслэн Удирдах Зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрээр ээлжит бус Их хурал хуралдуулахыг шаардсан;
     5.7.4. Удирдах Зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;
5.8. Их хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргах, санал оруулахдаа дараах журмыг баримтална. 
     5.8.1. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Удирдах Зөвлөл батлах бөгөөд төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй. 
     5.8.2. Тухайн асуудлыг Их хурлаар хэлэлцүүлэхийг Удирдах Зөвлөлөөс татгалзсан тохиолдолд төлөөлөгч энэхүү асуудлыг хэлэлцүүлэх саналыг Их хурлын үеэр гаргаж болно. Их хуралд оролцож буй нийт төлөөлөгчдийн олонхын дэмжлэг авснаар тухайн асуудлыг Их хурлаар хэлэлцэнэ.
5.9. Их хурлаас гарах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн олонхын саналаар тогтоол хүчин төгөлдөр болно. Тогтоолд хурлын тэргүүлэгчид  гарын үсэг зурж, Холбооны тамгыг дарна.
5.10. Их хурлын төлөөлөгчдийн тоог тогтоох, төлөөлөгчийг сонгохдоо дараах журмыг баримтална.
     5.10.1. Төлөөлөгчдийн тоо нь хурал зарлах шийдвэр гарах үед Холбоонд бүртгэлтэй байгаа нийт гишүүдийн арван хувиас багагүй  байх.
     5.10.2. Их хурлын төлөөлөгчдийг Холбооны гишүүдийн бүртгэлд үндэслэн барилгын салбарын инженер мэргэшлийн төлөөллүүдийг тэнцвэртэй оролцуулах байдлаар зохион байгуулна.  
     5.10.3. Үндсэн гишүүн нь Их хурлын төлөөлөгчид зөвхөн өөрийгөө нэр дэвшүүлнэ. 
     5.10.4. Гишүүн бүр сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхтэй оролцоно. 
     5.10.5. Сонгуулийг ардчилсан ёсны, тэгш эрхийн, шударга ба ил тод байх зарчмыг баримтлан явуулна.  
5.11. Их хурлыг танхимаар болон цахим-танхим хосолсон байдлаар зохион байгуулна. 
5.12. Их хурлын үйл ажиллагааны явц дахь санал хураалтыг дараах хэлбэрээр явуулна. 
     5.12.1.  Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх санал хураалтыг нууц хэлбэрээр явуулна. 
     5.12.2. Санал хураалтыг цахим хэлбэрээр, саналаа чөлөөтэй өгөх эрхийг хангасан байдлаар явуулж болно.
     5.12.3. Төлөөлөгчид санал хураалтыг илээр явуулах санал гаргаж олонх дэмжсэн тохиолдолд санал хураалтын ил хэлбэрийг сонгож болно.
     5.12.4. Санал хураалтад оролцох эрх бүхий гишүүн саналаа биечлэн өгөх бөгөөд бусдын нэрийн өмнөөс санал өгөх болон итгэмжлэлээр төлөөлөн санал өгөхийг хориглоно.
     5.12.5. Бусад асуудлаарх санал хураалтыг ил хэлбэрээр явуулна.
5.13. Санал хураалтыг цахимаар зохион байгуулж байгаа тохиолдолд эхлээд туршилтын санал хураалт явуулж баталгаажуулна.
5.14. Санал хураалтын тооллогын комиссыг Их хурлын гишүүдээс илээр сонгоно. 
5.15. Санал хураалтын тооллогын комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
     5.15.1. Их хурлын санал хураалтад оролцогчдын ирцийг тогтоож, хурал даргалагчид мэдээлэх;
     5.15.2. Их хуралд оролцож санал өгөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудалд тайлбар өгөх, санал өгөх журмыг тайлбарлах;
     5.15.3. Санал хураалтыг санал авах хуудсаар явуулж байгаа тохиолдолд саналын хуудсыг тоолж, хүлээж авах;
     5.15.4. Санал хураалтын дүнгийн талаар тэмдэглэл хөтлөх;
     5.15.5. Саналыг тоолж, дүнг нэгтгэн энэ тухай шийдвэр гаргаж, санал хураалтын тооллогын комиссын даргын гарын үсгээр баталгаажуулан Их хуралд танилцуулах;
     5.15.6. Саналын хуудас, шийдвэрийг Холбооны архивд хадгалуулахаар шилжүүлэх;
     5.15.7. Нууц хэлбэрээр өгөх санал хураах тохиолдолд төлөөлөгч саналаа чөлөөтэй өгөх нөхцөл, боломжийг бүрэн хангах ажлыг хэрэгжүүлэх;
     5.15.8. Тооллогын явцтай холбоотой маргаан гарсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тооллогын комиссыг шинээр сонгож хяналтын тооллого хийлгүүлэх;
ЗУРГАА. УДИРДАХ ЗӨВЛӨЛ
6.1. Их хурлаас Удирдах Зөвлөлийн гишүүдийг батламжлах бөгөөд Удирдах Зөвлөл нь Холбооны бодлогыг тодорхойлох, Их хурлаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий салбарын мэргэжлийн төлөөллийг багтаасан 21 хүний бүрэлдэхүүнтэй, хамтын удирдлагын байгууллага байна. 
6.2. Удирдах Зөвлөл нь үйл ажиллагааны тайлангаа Их хуралд тавих бөгөөд Их хурлаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.  
6.3. Холбооны үйл ажиллагааны залгамж халааг үргэлжлүүлэх зорилгоор Их хурлаар эрх нь дуусаж буй Удирдах зөвлөлийн 5 гишүүнийг улируулан сонгоно. 
6.4. Их хурлаар эрх нь дуусаж буй Ерөнхийлөгч нь холбооны залгамж халааг хадгалах үүднээс дараагийн ерөнхийлөгчийн зөвлөхөөр улиран ажиллана.  
6.5. Улируулан сонгох 5 гишүүнийг бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтийг үндэслэн Удирдах зөвлөлийн санал хураалтаар сонгоно.
6.6. Удирдах Зөвлөлийн гишүүд нь цалин, аливаа урамшуулал авахгүй.
6.7. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь  дараах шалгуурыг  хангасан байна. 
     6.7.1. Барилгын салбарын мэргэшсэн эсвэл зөвлөх зэрэгтэй байх 
     6.7.2. Холбооны үндсэн гишүүнээр 6 сараас доошгүй хугацааны өмнө элссэн байх.
     6.7.3. Мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй байх. 
     6.7.4. Барилгын салбарын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд давхар ажилладаггүй байх
6.8. Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь өөрийн намтар, мөрийн хөтөлбөрөө бичгээр гаргаж Их хурлаас 14 хоногийн өмнө Ажлын албанд ирүүлсэн байна. Материал ирүүлсэн нэр дэвшигч нь тухайн 14 хоногтоо нэрээ татах эрхгүй байна. 
6.9. Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь заасан хугацаанд материалаа ирүүлээгүй болон дутуу бүрдүүлж өгсөн  тохиолдолд Их хурлын танхимаас нэр дэвших боломжгүй. 
6.10. Хоёр Их хурлын  хооронд Удирдах Зөвлөл нь холбооны удирдлагыг хэрэгжүүлнэ. 
6.11. Удирдах Зөвлөл нь дараах чиг үүрэгтэй байна. Үүнд:
     6.11.1. Удирдах Зөвлөл нь үйл ажиллагааны тайлангаа Их хуралд тавих бөгөөд Их хурлаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
     6.11.2. Холбооны Удирдах Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчийг Удирдах Зөвлөлийн гишүүдийн бүрэн ирцийн дийлэнх олонхын саналаар сонгох; 
     6.11.3. Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэж Их хуралд оруулах;
     6.11.4. Дэд ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх;
     6.11.5. Хорооны тоо, нэр, удирдлага, бүрэлдэхүүнийг батлах;
     6.11.6. Удирдах зөвлөлийн гишүүнийн татварын хэмжээг тогтоох;
     6.11.7. Их хурлын чөлөөт цагт Удирдах Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн гишүүнийг нөхөн сонгох;
     6.11.8. Холбооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, жилийн төсөв, төлөвлөгөө, үйл ажиллагаатай холбоотой дүрэм журам, ажлын албаны орон тооны бүтцийг батлах;
     6.11.9. Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох санхүүгийн үйл ажиллагааны журмыг батлах; 
     6.11.10. Холбооны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
     6.11.11. Гүйцэтгэх захирлын ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийг дүгнэж, гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  дүгнэх, гэрээ сунгах, гэрээ цуцлах, нээлттэй өрсөлдөөнт журмаар сонгон шалгаруулалт явуулж, өрсөлдөж буй 2-оос доошгүй нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл сонгох
     6.11.12. Гүйцэтгэх захирлын ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийг дүгнэж, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг  дүгнэх эрхийг  Ерөнхийлөгчид олгох; 
6.12. Удирдах зөвлөл нь өөрийн бодлого, чиглэлд үндэслэн эрх үүргээ хэрэгжүүлэх байнгын болон түр үйл ажиллагаатай хороодтой байж болно. Хороог Удирдах зөвлөлийн гишүүн ахална.  
6.13. Хороог байгуулахад дараах зарчмыг баримтална. 
     6.13.1. Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны зохих салбар, чиглэлийг дагнан хариуцсан дотоод бүтцийн нэгж байна.
     6.13.2. Хороо нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Удирдах Зөвлөлийн гишүүн нэгэн зэрэг хоёроос дээшгүй Хороонд харьяалагдан ажиллаж болно. 
     6.13.3. Хороо нь Удирдах Зөвлөлийн эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж, бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт, хөтөлбөр гаргаж ажиллана.
6.14. Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх ба хурлыг Удирдах Зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч даргална. Ерөнхийлөгчийг байхгүй үед Ерөнхийлөгчийн итгэмжилсэн Дэд ерөнхийлөгч даргална. 
6.15. Хурлыг гишүүдийн дийлэнх олонхын ирцтэй хийх ба ээлжит хурлыг улиралд 1 удаа, ээлжит бус хурлыг Удирдах Зөвлөлийн даргын саналаар зохион байгуулна. Ажлын алба хэлэлцэх асуудал, хуралдааны тов, байршлыг ажлын 5 хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэнэ.
6.16. Хурлаас гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана. Удирдах Зөвлөлийн гишүүд нь тус бүр нэг саналын эрхтэй байна. Гишүүний татвараа төлөөгүй гишүүн саналын эрхгүй байна.
6.17. Энэ дүрмийн 6.15-д заасан хурлаар шийдвэрлэх асуудалд аль нэг гишүүн сонирхлын зөрчилтэй байгаа нь тогтоогдсон бол санал хураалтад оролцохгүй.
6.18. Удирдах Зөвлөл нь гишүүнтэйгээ холбоотой асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураана. 
6.19. Хурлын тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, ашиг сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
6.20. Удирдах Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөн сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ дараах зарчмыг баримтална. 
     6.20.1. Их хурлын хооронд Удирдах Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөн сонгох асуудлыг Ерөнхийлөгчийн саналыг үндэслэн Удирдах Зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.
     6.20.2. Ерөнхийлөгч нь нөхөн сонгогдох Удирдах Зөвлөлийн гишүүний нэрийг дэвшүүлэхдээ Их хурлаар Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн гишүүдийн санал хураалтын жагсаалтын үр дүнг үндэслэн, саналын тоогоор эрэмбэлэгдсэн дараагийн нэр дэвшигчийг дэвшүүлнэ.  
6.21. Удирдах Зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд чөлөөлөх үндэслэл үүссэн гэж үзнэ. 
     6.21.1. Ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар санал хураалтад оролцсон нь тогтоогдсон;
     6.21.2. Холбооны дүрэмд харшилсан нөхцөл үүсгэсэн;
     6.21.3. Чөлөөлөгдөхөөр өөрөө хүсэлт гаргасан; 
     6.21.4. Нас барсан, сураггүй алга болсонд тооцсон;
     6.21.5. Мэргэжил, ёс зүйн зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон;
     6.21.6. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон;
     6.21.7. Удирдах Зөвлөлийн хуралд гурав буюу түүнээс олон удаа оролцоогүй;
     6.21.8. Хяналтын зөвлөлийн санал, дүгнэлт гарсан;
ДОЛОО.  ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ  
7.1. Удирдах Зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч гэнэ. Ерөнхийлөгч нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
     7.1.1. Удирдах, манлайлах ур чадвартай
     7.1.2. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн;
     7.1.3. Ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй;
     7.1.4. Барилгын салбарт 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан;
7.2. Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
     7.2.1. Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Их хурлыг зарлан хуралдуулах;
     7.2.2. Холбооны үйл ажиллагааны өнөөгийн болон хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж,  Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах;
     7.2.3. Холбоог гадаад, дотоодод төлөөлөх;
     7.2.4. Төр засгийн байгууллага болоод бусад төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
     7.2.5. Хэвлэл мэдээллээр мэдэгдэл хийх;
     7.2.6. Удирдах Зөвлөлийн хурлыг даргалах;
     7.2.7. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
     7.2.8. Гүйцэтгэх захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулах;
7.3. Ерөнхийлөгч дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
     7.3.1. Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлага, арга зүйгээр хангах;
     7.3.2. Удирдах Зөвлөлийн гишүүнийг эргүүлэн татах нөхцөл бүрдсэн тохиолдолд асуудлыг Удирдах Зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх;
7.4. Холбоо нь дэргэдээ өмнөх Ерөнхийлөгчид болон Хүндэт гишүүд нараас бүрдсэн Зөвлөхүүдийн танхимтай байна. Танхим нь Удирдах зөвлөлд зөвлөх үүрэгтэй.. Танхимын гишүүд нь танхимын даргаа сонгоно.. 
7.5. Зөвлөхүүдийн танхим нь холбооны ирээдүйн хөгжлийн төлөв, стратеги, чиглэлийг тодорхойлоход арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. 
7.6. Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бүрэн эрхийн хугацаандаа идэвх, санаачилга, үр дүнтэй ажиллаж Холбооны хөгжилд зохих хувь нэмэр оруулсан Ерөнхийлөгчийг “Хүндэт Ерөнхийлөгч”-өөр өргөмжилж, холбоог төлөөлж төр болон олон нийттэй харилцах үйл ажиллагаанд оролцуулна. Хүндэт ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүй оролцож болно. Хүндэт ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлөөс батална.
НАЙМ. ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ
8.1. Удирдах зөвлөлийн гишүүд Дэд Ерөнхийлөгчид өөрийгөө болон бусад гишүүдийг нэр дэвшүүлэх бөгөөд олонхын санал авснаар сонгогдоно.  
8.2. Дэд ерөнхийлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
     8.2.1. Хариуцан ажиллаж байгаа чиглэлээрээ мэдээ мэдээлэл цуглуулан судалж, дүгнэлт гаргаж Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлд танилцуулах,
     8.2.2. Удирдах зөвлөл болон Ерөнхийлөгчийн хариуцуулан даалгасан хороодыг мэдээлэл, зөвлөмжөөр хангаж хамтран ажиллах,
     8.2.3. Хариуцан ажиллаж байгаа чиглэлээрээ төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
     8.2.4. Холбоог төлөөлөн олон нийттэй харилцах;
ЕС. ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
9.1. Холбооны үйл ажиллагаа, эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, байгуулсан гэрээ, хэлцэл нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх таван хүний бүрэлдэхүүнтэй Хяналтын зөвлөлтэй байна.
9.2. Хяналтын зөвлөлийн гишүүд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ холбооны аливаа ажилтан, гишүүдийн нөлөөллөөс ангид бусдын болон өөрийн эрх ашиг, сонирхлыг хойш тавьж шударга зарчмыг баримтална.
9.3. Хяналтын зөвлөл нь дараах бүтэцтэй байна. 
  • Барилгын эдийн засагч, 
  • эрх зүйч/хуульч,
  • инженер/архитектор 
9.4. Хяналтын зөвлөлийн гишүүд нь Үндсэн гишүүн байна. 
9.5. Хяналтын зөвлөл нь дотроосоо даргаа  сонгоно
9.6. Хяналтын зөвлөл нь нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг байгуулагдсан даруй эхний хурлаараа хэлэлцэн, Ажлын албатай хамтран боловсруулж Удирдах Зөвлөлөөр батлуулж, мөрдөж ажиллана.
9.7. Хяналтын зөвлөл нь жилд 2-оос доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд хэдийд ч хуралдаж болно.
9.8. Бүрэн эрхийн хугацааныхаа үйл ажиллагааны тайлангаа Их хуралд тайлагнана.
9.9. Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь өөрийн намтраа бичгээр гаргаж Их хурлаас өмнө холбоонд ирүүлсэн байх ба их хурлын төлөөлөгчид нэр дэвших, дэвшүүлж болно. 
9.10. Их хуралд Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо, мэргэжилтний орон тоо гүйцээгүй тохиолдолд их хурлын танхимаас нэр дэвшүүлнэ. 
9.11. Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна.
     9.11.1. Эдийн засаг, санхүүгийн зохих түвшний мэдлэг, туршлагатай;
     9.11.2. Хуулийн хариуцлага болон мэргэжил, ёс зүйн зөрчлийн улмаас хариуцлага хүлээж байгаагүй;
     9.11.3. Барилгын салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
     9.11.4. Холбооны үндсэн гишүүнээр 6 сараас доошгүй хугацааны өмнө элссэн байх;
9.12. Хяналтын зөвлөлийн гишүүн нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. 
     9.12.1. Холбооны нэгдмэл эрх, ашиг сонирхлыг холбооны бүтцийн бусад нэгж, салбарын эрх, ашиг сонирхлоос дээгүүр тавих;
     9.12.2. Үйл ажиллагаагаа хараат бус хэрэгжүүлж, аливаа нөлөөлөлд автахгүй байх;
     9.12.3. Үйл ажиллагаандаа үнэн зөв, шударга, бодитой хандах; 
9.13. Дараах нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд Хяналтын зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос нь өмнө чөлөөлж болохгүй. Үүнд: 
     9.13.1. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр өргөдөл гаргасан;
     9.13.2. Хяналтын зөвлөлийн гишүүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон;
     9.13.3. Эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүрэгт ажлаа 6 сараас дээш хугацаагаар гүйцэтгэх боломжгүй болсон;
     9.13.4. Хяналтын зөвлөлийн гишүүн нь Удирдах Зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх албаны ажил үүрэг гүйцэтгэхээр томилогдсон;
     9.13.5. Удирдах Зөвлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар чөлөөлөх шийдвэр гарсан;
9.14. Хяналтын зөвлөлийн дарга нь нөхөн сонгох Хяналтын Зөвлөлийн гишүүний нэрийг дэвшүүлэхдээ Их хурлаар Хяналтын Зөвлөл, Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн гишүүдийн санал хураалтын дүнд  үндэслэнэ. 
9.15. Холбооны гишүүд тодорхой асуудлаар Хяналтын зөвлөлд гомдол, хүсэлт гаргаж болох бөгөөд уг асуудлыг яаралтай шалган дүнг Удирдах Зөвлөлд танилцуулна. 
9.16. Удирдах Зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх удирдлага Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг, даалгавар өгөхийг хориглоно.
9.17. Хяналтын зөвлөлийн гишүүд нь дараах үүрэг, хариуцлага хүлээнэ. Үүнд: 
     9.17.1. Холбооны үйл ажиллагаа Монгол Улсын хууль эрх зүйд нийцэж буй эсэх, дүрмийн баримтлал болон Холбооны бүх шатны гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилт, биелэлтийг хянах;
     9.17.2. Холбооны Нягтлан бодох бүртгэл нь хууль эрх зүйн орчинд нийцэж буй эсэх,  санхүү, татварын болон бусад тайлан, мэдээлэл, эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалтын үнэн бодит байдалд хяналт тавих, үр дүнг Удирдах Зөвлөлд оруулах, шаардлагатай бол хамтран ажиллах;
     9.17.3. Гишүүнчлэлийн журмын хүрээнд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, татвар төлөлт, хандивтай холбоотой баримт бичгийг шалгах;
     9.17.4. Холбооны гишүүд Хяналтын зөвлөлд тодорхой асуудлаар гомдол гаргаж болох бөгөөд уг асуудлыг яаралтай шалгаж, үр дүнг Удирдах Зөвлөлд танилцуулах;
     9.17.5. Хяналтын зөвлөл нь шалгаж буй асуудалтай холбоотой шаардлагатай материал, баримт бичиг, нотолгоог холбогдох хүмүүсээс шаардаж гаргуулах эрхтэй бөгөөд тэдгээрийн нууцыг хадгалах үүрэг хүлээнэ.
9.18. Хяналтын зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
     9.18.1. Хяналтын зөвлөл нь өөрийн мэдлэг чадвар хүрэхгүй ажил дээр  мэргэжлийн үйлчилгээ авах, аудит оруулах шаардлагатай тохиолдолд  чиг үүрэгт хамаарах асуудлаар мэргэжлийн хуулийн этгээд, хувь хүн, шинжээч хөлслөн авах эрхтэй байна; 
     9.18.2. Холбооны гишүүн, үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг судлан үзэж, тайлбар хийх, Удирдах Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр асуудал оруулах;
     9.18.3. Гүйцэтгэх захирлаас шалгалтын ажилтай холбогдсон материалыг шаардаж гаргуулах;
АРАВ. АЖЛЫН АЛБА
10.1. Ажлын алба нь Ажлын албаны ажиллах журам”-тай байх бөгөөд журмыг Удирдах зөвлөл батална. 
10.2. Ажлыг албыг Гүйцэтгэх захирал удирдах бөгөөд орон тооны ажилтан байна.
10.3. Гүйцэтгэх захирал нь холбооны өөрийн үйл ажиллагааны чиглэлийн өдөр тутмын ажлыг зохион байгуулж, хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.
10.4. Гүйцэтгэх захирал нь Удирдах Зөвлөлийн баталсан жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн дагуу холбооны өдөр тутмын үйл ажиллагааг өөрт олгосон эрхийн хүрээнд удирдан явуулна.
10.5. Гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 
     10.5.1. Удирдах Зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, төсөв, төлөвлөгөөний хүрээнд өмч, хөрөнгө захиран зарцуулах;
     10.5.2. Гүйцэтгэх захирлын гэрээнд тусгагдсан бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
10.6. Гүйцэтгэх захирал нь холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд дараах үүргийг ханган үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
     10.6.1. Холбооны хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг ханган ажиллах;
     10.6.2. Удирдах Зөвлөлийн хурлыг зохион байгуулах, хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
     10.6.3. Холбооны хүний нөөц, чадавхжуулах сургалт, ажилтнуудын нийгмийн асуудлыг зохион байгуулах;
     10.6.4. Гишүүн бүртгэх, гишүүдэд мэдээ, мэдээлэл хүргэх;
     10.6.5. Хороод, салбар, клубуудын үйл ажиллагааг удирдлагын арга зүйгээр хангах, дэмжин ажиллаж, зохион байгуулах;
     10.6.6. Орон нутаг дахь салбарыг арга зүйн удирдлага, мэдээллээр хангах;
     10.6.7. Мэдээлэл, харилцаа, олон нийттэй харилцах асуудлыг эрхлэх;
     10.6.8. Холбооны дэргэдэх Зөвлөл, хороод, клуб, салбаруудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхдээ ялгавартай хандахгүй байх үүргийг хүлээнэ.
10.7. Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд түүний эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал зэргийг харилцан тохиролцож тусгана. 
10.8. Гүйцэтгэх захирал нь бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр Гүйцэтгэх захирал томилогдтол албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
10.9. Гүйцэтгэх захирал нь холбооны улирал, жилийн үйл ажиллагааны тайланг Удирдах Зөвлөлд тайлагнан, баталгаажсан тайлангаа тогтоосон хугацаанд төрийн эрх бүхий байгууллагад холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ.
10.10. Санхүүгийн тайлан баланст шаардлагатай тохиолдолд аудит хийлгэнэ.
10.11. Ажлын албаны бүтэц, орон тоог Удирдах зөвлөлөөс батлах ба жил тутам үйл ажиллагааны төлөвлөгөөнд уялдуулан жил бүрийн эхний тайлангийн хурлаар хэлэлцэж, баталгаажуулна. 
10.12. Гүйцэтгэх захирал нь дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно.  Үүнд, 
     10.12.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбооны нэрийн өмнөөс хөрөнгийн баталгаа гаргах, холбооны хөрөнгөөр барьцаа тавих, зээл олгох, төлбөр төлөх;
     10.12.2. Байгууллагын дотоод мэдээлэл, нууцыг задруулах;
     10.12.3. Холбоог хуваах, өөрчлөх, нэгтгэх, нийлүүлэх зорилгоор аливаа үйл ажиллагаа явуулах;
     10.12.4. Ижил зорилго бүхий төрийн бус байгууллага байгуулах;
АРВАН НЭГ. ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ
11.1. Холбоо нь Төрийн болон төрийн бус байгууллагатай харилцахдаа дараах  зарчмыг баримтална. Үүнд:   
     11.1.1. Төрөөс хараат бус байж хуульд заасны дагуу эрхээ хамгаалуулна. 
     11.1.2. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас салбарын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд хамтарч ажиллаж болно.
     11.1.3. Шаардлагатай гэж үзвэл төрийн болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтарсан шийдвэр гаргаж болно.
     11.1.4. Салбарын болон гишүүдийн эрх ашгийг хохироосон буруу шийдвэрийг төр засгийн байгууллага, албан тушаалтан гаргавал байр сууриа илэрхийлэх, үүнийг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах, засуулах, талаар шаардлага тавих, мэдэгдэл гаргах, улмаар эсэргүүцлийн арга хэмжээг хуульд нийцүүлэн зохион байгуулах эрхтэй.
     11.1.5. Салбарын Төрийн бус байгууллагуудтай ажил төрлийн байнгын холбоотой хамтран ажиллаж, тохиролцсон асуудлаар хамтын шийдвэр гаргаж, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж болно.
11.2. Холбоо нь Удирдах Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад холбоо, нийгэмлэгт гишүүнээр элсэж болно.
11.3. Холбоо нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу салбарын өмнө тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэвэл төрөөс санхүүжилт болон бусад хэлбэрийн дэмжлэг авах эрхтэй.
АРВАН ХОЁР. САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
12.1. Холбоо нь ашгийн бус хуулийн этгээд бөгөөд өөрийгөө санхүүжүүлэх үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна. 
12.2. Холбоо нь дүрэмд заасан үйл ажиллагааны хүрээнд Санхүүгийн үйл ажиллагааны журамтай байна. Энэ журмыг Удирдах зөвлөл батална. 
12.3. Холбооны өмч хөрөнгөд түүний үл хөдлөх хөрөнгө болон бусад хөдлөх хөрөнгө, өмчлөлд буй оюуны өмч, патент хамаарна.
12.4. Гүйцэтгэх захирал Удирдах Зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг удирдахдаа санхүүгийн үйл ажиллагааны журмыг баримтална захиран зарцуулна.
АРВАН ГУРАВ. ХОЛБООНЫ САН
13.1. Холбооны дэргэд холбооны өөрийн зорилгыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлэхэд зориулж сан байгуулж болно. 
13.2. Холбооны дэргэд сан байгуулах асуудлыг Удирдах Зөвлөлийн хурлаар шийдвэрлэх бөгөөд сангийн үйл ажиллагааг зохицуулах журмыг мөн хурлаар хэлэлцэн баталж мөрдүүлнэ.
13.3. Холбооны санг хандивын хөрөнгө болон үйл ажиллагаанаас олсон орлогын тодорхой хувийг байршуулснаар байгуулна.
13.4. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Удирдах Зөвлөл гаргах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх ажлыг Гүйцэтгэх захирал хариуцан ажиллаж, Удирдах Зөвлөлд тайлагнана. 
13.5. Санг татан буулгах тухай шийдвэрийг Удирдах Зөвлөл гаргана. Татан буугдсан сангийн эд хөрөнгийг холбооны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.
АРВАН ДӨРӨВ. ХОЛБООГ ТАТАН БУУЛГАХ
14.1. Холбоог энэхүү дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулан хууль тогтоомжийг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан бол, мөн гишүүд дэмжигчдийн олонх санал гаргавал татан буулгаж болно. Татан буулгах тухай шийдвэрийг Удирдах Зөвлөлөөс гаргаж, энэхүү шийдвэрээ 21 хоногийн дотор олон нийтэд мэдээлж, төрийн эрх бүхий байгууллагад бичгээр мэдэгдэн улсын бүртгэлээс хасуулна.
14.2. Холбоо татан буугдсан тохиолдолд зохих төлбөр тооцоог барагдуулсны дараа түүний эзэмшлийн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх эсвэл зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
АРВАН ТАВ. ХОЛБООНЫ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА
15.1. Холбоо нь “Төрийн бус байгууллагын тухай” хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.
15.2. Холбоо нь өөрийн гишүүн болон Холбооны удирдах байгууллагын сонгуультны хууль бус үйл ажиллагаатай холбогдсон эд хөрөнгийн болон бусад хариуцлагыг хүлээхгүй.
АРВАН ЗУРГАА. БУСАД ЗҮЙЛ
16.1. Энэхүү дүрэм болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ.

-------------- о О о -------------

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.