Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ нь 2002 оноос эхлэн БНТУ-ын барилгын салбарын үйл ажиллагаа, шинэ техник технологитой танилцах зорилгоор гишүүдээ оролцуулсан техникийн аялал-сургалтыг зохион байгуулж эхэлсэн билээ.
2026 оны ээлжит Техникийн аялал сургалтыг Туркийн БИХ, Сигма групп болон истанбул Их Сургуулийн Барилгын инженерийн танхимтай хамтран "Газар хөдлөлтийн үнэлгээ болон BIM нэвтрүүлсэн туршлага" сэдвийн хүрээнд 04 дүгээр сарын 27-30 өдрүүдэд Истанбул хотноо амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 13 инженер, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Тус сургалтын хүрээнд:
Эхний өдөр: БНТУ-д 49 дэхь жилдээ зохион байгуулагдаж "YAPI TURKEY BUILD EXPO-2026" олон улсын барилгын материал, шинэ дэвшилтэт техник, технологи танилцуулж буй үзэсгэлэнгээр зочлов. Энэ удаагийн үзэсгэлэнд 126 орны 43592 зочид үзэж сонирхсон бөгөөд 30 гаруй улсын 437 компанийн 2000 оролцогчид 500 гаруй павилонд бараа, материал, технологиудаа танилцуулсан юм. Үзэсгэлэнд барилгын хэв хашмал, тулаас төмөр, фасад, дээвэр, дулаалга, дотор болон гадна заслын хавтан, багаж хэрэгсэл, аюулгүй байдлын төхөөрөмж, сантехникийн зэрэг 400,000 гаруй барилгын материалуудыг танилцуулсан байна. Манай оролцогч нарт хамгийн сонирхолтой нь барилгын бетон цутгалтын үед ашиглах хуванцар хэв хашмалыг маш ихээр сонирхож байлаа. Тус хуванцар хэв хашмалыг барилгад ашигласнаар эдийн засгийн болоод хүн хүчний ажиллах хугацааг хэмнэх ач холбогдолтой юм.
Хоёр дахь өдөр: Барилгын зураг төслийн чиглэлээр 35 жил үйл ажиллагаа явуулж буй 450 гаруй архитектор, инженерүүдтэй, 5000 гаруй барилгын зураг төслийг боловсруулсан, хэрэгжүүлсэн СИГМА группт зочлов. Биднийг тус группын төслийн менежер, барилгын инженер Faik Orçun Salak болон бусад холбогдох удирдлагууд хүлээн авч уулзсан. Инженер Faik Orçun Salak манай оролцогч нарт BIM-р хэрэгжүүлсэн төслүүд болон зураг төсөлд BIM нэвтэрснээр хэрхэн үр ашигтай төсөл болох, хэрэгжүүлэх процессд оролцогч талуудын үүрэг оролцоо, ач холбогдол зэргийг танилцууллаа. БНТУ-ын барилгын салбарт төрийн болон хувийн хэвшлийн бүх төрлийн эмнэлгийн зориулалттай барилгын төсөлд BIM-г зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагыг тавьж байгаа бөгөөд Засгийн газраас нь BIM хэрэгжүүлж буй компаниуудад тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлж байгаа юм байна.
Гурав дахь өдөр: Энэ өдөр манай инженерүүдэд зориулсан Истанбулын Техникийн Их Сургуулийн Барилгын инженерийн тэнхимээс "Газар хөдлөлтөд өртсөн барилгуудын бүтээцийг үнэлэх" сэдэвт семинарыг зохион байгуулсан бөгөөд тус семинарт докторант Husieyn Maslak болон тэнхимийн эрхлэгч Проф Beyza Taskin нар маш сонирхолтой илтгэлүүдийг танилцуулав. Илтгэлүүдэд 2023 оны 02 сарын 06-нд болсон газар хөдлөлтөд өртөж, нурсан барилгуудыг зураг төслийн бүтээцийн тооцоо, норм дүрмийн зөрчил зэргээс шалтгаалсан хүчин зүйлсийг судлан шинжилж, нуралт болон эвдрэл үүссэн шалтгааныг мэргэжлийн талаас нь дүгнэсэн судалгааны талаар байв. Тус газар хөдлөлт болсноос 6 сарын дараа Истанбулын Техникийн Их Сургуулийн дэргэд Газар хөдлөлтийг урдчилан тооцох орчин үеийн шинэ лабораторыг 6 сарын хугацаанд шинээр барьж байгуулсан байна. Манай оролцогчид тус лабораторын үйл ажиллагаа, хэрхэн сорьц шинжилгээ хийдэг, урдчилан газар хөдлөлтийг тооцсноор хэрхэн аюул эрсдлээс хамгаалах боломжийн талаар танилцаж, лабораторыг үзэж сонирхов.
Дөрөв дэхь өдөр: БНТУ-ын Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ТИКА группийн хэрэгжүүлж буй орон сууцны хотхоны барилгын төслийн талбайд зочлов. Энэхүү төсөл нь эхний ээлжийн 100,000 айлын орон сууцны барилгууд нь баригдаж дуусч байгаа бөгөөд цаашид энэ төсөл бүрэн хэрэгжснээр шинэ суурьшлын бүс бий болж, хотын төлөвлөлтөд эерэг нөлөө үзүүлэх, иргэдийг орон сууцжуулах гол ач холбогдолтой юм. Төслийг хэрэгжүүлж буй гол байгууллагаас төсөлд оролцогч барилгын компаниудад тавьж буй шалгуур, шаардлагуудын нэг нь барилгын материалтай холбоотой буюу төслийн барилгуудад ашиглагдах материал нь нэг төрлийн, стандартын шаардлага хангасан материал байх. Үүний нэг болох хөрсний усны хамгаалалт, дээврийн усны хамгаалалт зэрэгт Crysis компанийн материалыг бүх төслийн барилга дээр ашиглаж байгаа юм байна. Тус компанийн үйлдвэрлэж буй материалууд нь усны хамгаалалт төдийгүй бетоны ажилд ашиглах боломжтой талаар манай оролцогч нарт танилцууллаа.
Мөн энэ өдрийн үдээс хойш Туркийн Барилгын Инженерүүдийн Танхимын Истанбул дахь салбарын ерөнхийлөгч Мустафа Келес манай оролцогчдыг холбооныхоо байранд хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар 20 жилийн хамтын ажиллагааны түүхтэй ТБИХ болон МБИХ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор бодит төсөл хэрэгжүүлж ажиллах боломжтой бөгөөд энэ ажлыг Истанбулын салбарын Ерөнхийлөгч түүчээлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Ийнхүү Холбооны 30 жилийн ойн хүрээнд БНТУ, Герман, Англи, Япон улсуудад зохион байгуулагдах олон улсын техникийн сургалтын маань эхний сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Тус сургалтад оролцож, өөрийн мэдлэг, мэргэжлийн үйл ажиллагаандаа оюуны хөрөнгө оруулалт хийж оролцсон инженер, мэргэжилтнүүддээ болон мэргэжлийн орчуулгыг хийж тусалсан Кингспан групп Монголиа компанийн Ерөнхий инженер Д. Буджав болон хөтөч Х. Дэлгэрсүрэн нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.








Нийтэлсэн: 2026-05-11