АЗИЙН ГАН ГҮҮРИЙН ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН ШУТИС-ИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо (МБИХ)-ны Ерөнхийлөгч Б.Гантулга болон Удирдах зөвлөлийн төлөөллүүд Япон Улсын Фукуй хотноо 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн ган гүүрийн тэмцээн (Asia Steel Bridge Competition, ASBC)-д амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн (ШУТИС) Барилга, Архитектурын Сургуулийн багш, оюутнуудыг хүлээн авч уулзан, баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Тэмцээнд Т.Зоригт, Н.Саранчимэг, Б.Жавхлан нарын багш нарын удирдлага дор Б.Даш-Ёндон, З.Анударь, Н.Жанчив, Ш.Дөлгөөн, Б.Мягмаржаргал, О.Оюунжаргал, Л.Батбаяр, Б.Гантулга, Ц.Анар нарын оюутнууд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг олон улсын түвшинд өндөрт өргөн, тэргүүн байр эзэлсэн бахдам амжилт гаргасан юм.
Уулзалтын үеэр Холбооны зүгээс Удирдах зөвлөл болон нийт гишүүдийнхээ өмнөөс багш, оюутнуудад талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөр, мэргэжлийн үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Мөн оюутнуудыг Холбооны оюутан гишүүнээр элсэхийг урьж, цаашид хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэн дурсгалын зүйл гардууллаа.
Түүнчлэн Холбооны гишүүн байгууллага болох “Шинэ цамхаг” ХХК-ийн зүгээс тэмцээнд оролцсон багт 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь залуу инженерүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох юм.
МБИХ нь барилгын инженерийн мэргэжлийн хөгжил, залуу инженерүүдийн оролцоог дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид ч тууштай ажиллах болно.
Эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөсөн багш, оюутнууддаа халуун баяр хүргэж, сурлага, хөдөлмөр, бүтээлч үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Нийтэлсэн:
2026-10-19